АНХААРУУЛАХ ТЭМДЭГ
Тэмдгийн утга ба үйлчлэл
Анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг жолоочид урьдчилан анхааруулна.
Энэ бүлгийн тэмдгүүд нь замын хөдөлгөөнд ямар нэгэн хориглолт буюу хязгаарлалт тогтоохгүй бөгөөд харин хөдөлгөөний аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх үүднээс замын саад, аюул бүхий хэсгийг жолоочид тодорхой зайнаас цаг тухайд нь анхааруулж, шаардлагатай арга хэмжээг урьдчилан авах бололцоог олгох, жолоочийн бие болон сэтгэл зүйн бэлэн байдлыг хангах, тухайн нөхцөл байдлыг тосон хариулах чадамжийг дээшлүүлэх зорилгыг агуулна.
Учирч болзошгүй аюул, ослыг таслан зогсоох боломж нь тээврийн хэрэгслийн хурдаас ихээхэн хамааралтай байдаг учир анхааруулах тэмдгийг тухайн замын хэсгээр дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийн зөвшөөрөгдсөн дээд хурдыг тооцсоны үндсэн дээр үзэгдэлтийн нөхцөл, байрлуулах боломжийг харгалзан тухайн аюул бүхий хэсгээс суурин газрын доторхи замд 50-100 м, суурин газрын гаднах замд 150-300 м-ийн өмнө урьдчилан байрлуулна. Зарим анхааруулах тэмдэг (тухайлбал 1.3, 1.10, 1.11, 1.28)-ийг аюул бүхий хэсгийн шууд өмнө байрлуулж болох боловч энэ тохиолдолд уг тэмдгийн үзэгдэлтийн зай нь мөн л дээрх шаардлагыг аль болох хангаж байвал зохино. Мөн зарим зайлшгүй тохиолдолд, тухайлбал замын аюултай хэсгийн эхлэл нь жолоочоос огцом эргэлт, замын нугачаа, байшин барилга гэх мэтээр халхлагдсан нөхцөлд анхааруулах тэмдгийг дээр дурдсанаас өөр зайд байрлуулж болох бөгөөд энэ тохиолдолд уг зай нь жолоочийн төсөөлж байгаагаас өөр байх тул түүнийг нэмэлт тэмдгээр заавал тодруулсан байх шаардлагатай.
Хэрэв анхааруулах тэмдэг ба замын аюул бүхий хэсгийн эхлэл хоёрын хооронд уулзвар таарвал:
а) уг уулзвараас тухайн аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зай суурин газарт 20-50 м, суурин газрын гадна 20-150 м байвал уг уулзварын цаана тухайн анхааруулах тэмдгийг 6.1.а нэмэлт тэмдэгтэй давтан тавина.
б) уг уулзвараас тухайн аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зай 20 м-ээс бага байвал хөндлөн замд нь тухайн анхааруулах тэмдгийг 6.1.в буюу 6.1.г нэмэлт тэмдгийн хамт уг уулзвараас 50-60 м-ийн өмнө байрлуулна.
Анхааруулах тэмдгийг замын тухайн аюул бүхий хэсэгт хүрэхээс өмнө тодорхой зайд байрлуулдаг нь жолоочид уг аюулыг урьдчилан мэдэгдэж, түүнд зохицсон арга хэмжээг цаг тухайд нь авах боломжийг олгоход оршино. Иймд жолооч анхааруулах тэмдгийг харсан үеэсээ эхлэн хурдаа хасаж, тухайн аюулд өртөхгүй байх нөхцөлийг хангахад чиглэгдсэн оновчтой арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч эхлэх шаардлагатай юм.
Анхааруулах тэмдгийн байрлах норматив зайг суурин газрын дотор буюу гадна байрлуулахаас хамааруулан ялгаатай тогтоосон нь тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх хэмжээ тухайн замуудад харилцан адилгүй байдагтай холбоотойгоос гадна замын зохион байгуулалт, орчны нөхцөл байдал, хөдөлгөөний эрчим, нягтрал болон эдгээр үзүүлэлтээс хамааран хувьсах жолоочийн тосон хариулах чадвар, ой санамжид хадгалагдах мэдээллийн боломжит цар хүрээ зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой юм.
Суурин газрын доторхи замд уулзвар, гарц, зогсоол, хөдөлгөөн зохицуулах хэрэгсэл зэрэг замын огтлолцол, элементүүд ойр ойрхон байрласан байдаг нь анхааруулах тэмдгийг харьцангуй хол зайд байрлуулах бололцоог хязгаарладаг төдийгүй түүний утгыг алдагдуулахад нөлөөлдөг байна. Мөн суурин газарт барилга байгууламж, мэдээлэл сурталчилгааны самбар, гудамж замын гэрэлтүүлэг, чимэглэл, ногоон байгууламж, явган зорчигчдын хөдөлгөөний урсгал, хөдөлгөөнд оролцогчдын зай завсаргүй харилцаа зэрэг жолоочийн ой тогтоолтыг сарниулах хүчин зүйлсийн нөлөөлөл их байдаг учир хол зайд байрлуулсан анхааруулах тэмдгийн үр өгөөж, ач холбогдол буурахад хүрдэг. Мөн тээврийн хэрэгслүүдийн зөвшөөрөгдөх хурдны хэмжээ харьцангуй бага, хөдөлгөөнд оролцогчдын тосон хариулах чадвар харьцангуй өндөр, өөрөөр хэлбэл жолоочийн анхаарал соргог, самбаачлах хугацаа бага байдаг тул суурин газрын доторхи замд анхааруулах тэмдгийн харьцангуй ойр байрлал нь тухайн аюулд зохицсон арга хэмжээг цаг тухайд нь авах боломжийг бууруулдаггүй байна.
Гэтэл суурин газрын гаднах замд хурдны зөвшөөрөгдөх хэмжээ их, жолоочийн ой тогтоолтод тэмдгийн мэдээлэл харьцангуй урт замд хадгалагдах боломжтойгоос гадна шулуун урт замыг туулсан жолоочийн самбаачлах хугацаа ихсэж, тосон хариулах чадвар буурсан байдаг зэрэг нь анхааруулах тэмдгийг тухайн аюул бүхий хэсэг эхлэх газраас харьцангуй хол зайд байрлуулах шаардлагыг бий болгодог байна. Гэхдээ хэт хол юмуу хэт ойр зайд байрлуулбал тэмдгийн үр өгөөж, ач холбогдол буурч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн шинж чанар нь алдагдахад хүрнэ. Иймээс анхааруулах тэмдгийг тухайн аюул бүхий хэсэг хүртэл хамгийн ойрдоо суурин газарт 50 м, суурин газрын гадна 150 м, хамгийн холдоо суурин газарт 100 м, суурин газрын гадна 300 м байхаар тогтоожээ. Ингэхдээ замын тухайн хэсгээр дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийн дундаж хурд, орчны бодит байдал, тэмдгийн үзэгдэлтийн зай, байрлуулах бололцоо зэргийг харгалзан тооцож аль тохиромжтой байрлалыг сонгоно. Тухайлбал, суурин газрын гадна тухайн замын хэсгээр дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийн дундаж хурд цагт 80 км-т дөхөж байвал анхааруулах тэмдгийг 300 м орчим буюу аль болох хол зайд, харин дундаж хурд нэлээд доогуур байвал 150 м орчим буюу ойр зайд байрлуулна.
Анхааруулах тэмдгүүдийг анхааруулж буй аюулын шинж төлөвөөс нь хамааруулан дараахь хоёр хэсэгт ялган ангилж болно:
I - Нэг цэгийн аюул (тодорхой объект)-ыг анхааруулах тэмдгүүд. Үүнд: Төмөр замын гарам (1.1-1.4), зорчих хэсгийн огтлолцол (1.5-1.7, 1.16, 1.19), огцом эргэлт (1.8, 1.28), замын нарийсалт (1.15), явган хүний гарц (1.17, 1.7) гэх мэт тухайн анхааруулж буй объектын байршил, уртын хэмжээ нь тодорхой бөгөөд учирч болох аюул нь нэг цэгт төвлөрсөн, өөрөөр хэлбэл аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг тодруулахыг шаарддаггүй тэмдгүүд хамаарагдана;
II - Үргэлжилсэн аюулыг анхааруулах тэмдгүүд. Үүнд: Тухайн анхааруулж буй аюул нь замын дагуух тодорхойгүй хэсгийг хамран үргэлжилдэг, түүний үргэлжлэх зайг жолооч төсөөлөх боломжгүй бөгөөд учирч болох аюулын байршлыг нэг цэгээр тодорхойлох боломжгүй, өөрөөр хэлбэл тухайн аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг нэмэлт тэмдгээр тодруулбал зохих 1.9-1.14, 1.18, 1.20-1.27 тэмдгүүд хамаарагдана. Ийм тэмдэг тавигдсан замын хэсгээр зорчихдоо жолооч тухайн аюул бүхий хэсгийг бүрэн гүйцэд дайран өнгөрсөн гэдгээ мэдэх хүртлээ онц анхаарал болгоомжтой явах шаардлагатай бөгөөд зарим тохиолдолд хэдэн километрийн туршид ч тухайн аюулд зохицсон арга хэмжээ, сонор сэрэмжээ хадгалж явах шаардлага гарч болох юм.