АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

1.1

Төмөр замын хаалттай гарам

 

Хаалтаар тоноглогдсон төмөр замын гарамд ойртож байгааг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор 1.1 тэмдгийг хэрэглэнэ. Энэ тэмдгийг замын нөхцөл байдал, нэвтрүүлэх чадвар, хөдөлгөөний эрчмээс үл хамааруулан, төмөр замын хаалттай гарам бүрийн өмнө байрлуулна.

Хаалтаар тоноглогдсон гармын шугаман хэмжээг төмөр замын хоёр талд байрласан хаалтуудын хоорондох замын бэлчир хэсгээр, өөрөөр хэлбэл гармын эхлэлийг хаалтын байрлал цэгээс тооцох тул суурин газрын гаднах замд энэ цэг хүртэл 150-300 м, суурин газарт 50-100 м зайд 1.1 тэмдгийг байрлуулна. Ингэхдээ тухайн замын хэсгээр дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийн дундаж хурд, орчны бодит байдал, тэмдгийн үзэгдэлтийн зай, байрлуулах бололцоо зэргийг харгалзан тооцож аль тохиромжтой байрлалыг сонгоно. Зам, орчны байдал, үзэгдэлт халхлагдсан зэргээс шалтгаалан дээр дурдсан зайн хязгаар дотор тэмдгийг байрлуулах бололцоогүй байвал аль тохиромжтой өөр зайд тавьж болох бөгөөд энэ тохиолдолд 6.1.а,в,г “Объект хүртэлх зай” нэмэлт тэмдгээр гарам хүртэлх зайг зааж өгнө. Тухайлбал: 1.1 тэмдгийг дээр дурдсан зайд байрлуулах гэтэл уг зайн дотор уулзвар таарвал, эхлээд уг уулзварыг байгаа эсэхийг үл харгалзан 1.1 тэмдгийг дурдсан зайдаа байрлуулна. Үүний дараа: а) Хэрэв тухайн уулзвараас уг төмөр замын гарам хүртэлх зай суурин газарт 20-50 м, суурин газрын гадна 20-150 м байвал уг уулзварын цаана 1.1 тэмдгийг 6.1.а нэмэлт тэмдэгтэй хамт давтан тавина; б) Харин тухайн уулзвараас уг төмөр замын гарам хүртэлх зай 20 м-ээс бага байвал 1.1 тэмдгийг уулзварын цаана давтан тавихгүй бөгөөд харин хөндлөн огтолсон замуудад нь уг тэмдгийг 6.1.в буюу 6.1.г нэмэлт тэмдгийн хамт тухайн уулзвараас 50-60 м-ийн өмнө байрлуулна. Тэмдэгт бичигдэх тоон утгыг MNS 4597:2003 стандартаар тогтоосон байдаг бөгөөд дээр дурдсан 6.1.а,в,г тэмдгүүд дээр 10, 15, 20, 25, 30, 40, 50, 60, 70, 80, 100, 120, 150 м гэсэн тоон утгуудаас аль тохирохыг нь сонгож бичнэ.

Суурин газрын гаднах замд 1.1 тэмдгийг давтан тавина. Давтан тавигдах тэмдгийг гарам хүртэл 50-100 м зайд байрлуулах буюу эсвэл 1.4.а-1.4.е “Төмөр замын гарамд ойртоно” тэмдгийг хэрэглэж байгаа тохиолдолд 1.4.в, 1.4.е тэмдгүүдтэй хамт байрлуулна.

Тухайн нэг замтай огтлолцсон төмөр замын гармууд хоорондоо 50 м-ээс ойрхон оршиж байвал 1.1 тэмдгийг зөвхөн эхний гармын өмнө байрлуулах бөгөөд харин 50 м-ээс хол зайтай оршиж байвал гарам тус бүрийн өмнө байрлуулна.

Тэмдгийг замын баруун гар талд байрлуулахаас гадна нэг чигтээ хоёр буюу түүнээс олон эгнээтэй замд зорчих хэсгийн зүүн гар талд мөн зэрэгцүүлэн тавина. Түүнчлэн гармын үзэгдэлтийн зай суурин газрын гаднах замд 300 м-ээс, суурин газарт 100 м-ээс бага бол нэг чигтээ нэг эгнээтэй замд ч зэрэгцүүлэн тавина.

1.1 тэмдэг нь жолоочид төмөр замын хаалттай гарамд ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг урьдчилан анхааруулна. Суурин газарт тавигдсан 1.1 тэмдэг нь гармаас хамгийн холдоо 100 м зайд байх учир уг тэмдгээс цааш нэвтрэн орсон жолооч Замын хөдөлгөөний дүрмийн гүйцэж түрүүлэх, удаан зогсохыг хориглосон заалтын хүчинтэй үйлчлэлд орсонд тооцогдоно. Харин суурин газрын гаднах замд 1.1 тэмдэг нь дээрх хорионы үйлчлэлийг эхлүүлэхгүй ч жолооч уг үйлдлүүдээс аль болох татгалзах, ялангуяа гүйцэж түрүүлэх үйлдэл эхлэхгүй байхыг хичээвэл зохино.

Төмөр замын гарам нь замын онц аюултай объект юм. Иймд 1.1 тэмдгийн үйлчлэлд орсон жолооч хурдаа хасаж, гармын өмнө зогсох бололцоо бүхий хурдыг сонгох шаардлагатай. Хэрэв гарам хаалттай байвал хаалтнаас 5 метрээс багагүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ. Энэ тэмдэг гармын хаалт «ХААЛТТАЙ» гэсэн утгыг илэрхийлэхгүй, өөрөөр хэлбэл хаалт нээлттэй ч байж болох юм. Гэхдээ тэмдгийн анхааруулж буй утга хаалтын байрлалаас үл хамаарах бөгөөд гарам нээлттэй байсан ч жолооч хурдаа хасаж, галт тэрэг ирж буй эсэхийг анхааралтай ажиглан, зөвхөн аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр гармыг нэвтэрч болно. Хаалттай гарам нь ихэвчлэн гэрэл болон дуут дохионы зохицуулгатай байдаг бөгөөд ийм гармаар нэвтрэхдээ жолооч хаалтын байрлалыг харгалзан үзэхээс гадна гэрэл болон дуут дохиог ч анхаарах шаардлагатай.

Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгч байх үед гарам руу орохыг хориглоно. Мөн түүнчлэн гарам дээр ухрах буюу буцаж эргэх, гүйцэж түрүүлэх, түр буюу удаан зогсох, тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарам руу орох, гармын хаалтыг дур мэдэн нээх буюу өөрчлөх зэргийг Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон байдгийг анхаарвал зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»