АНХААРУУЛАХ ТЭМДЭГ
1.2
Төмөр замын хаалтгүй гарам
Хаалтаар тоноглогдоогүй төмөр замын гарамд ойртож байгааг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор 1.2 тэмдгийг хэрэглэнэ. Энэ тэмдгийг замын нөхцөл байдал, нэвтрүүлэх чадвар, хөдөлгөөний эрчмээс үл хамааруулан, төмөр замын хаалтгүй гарам бүрийн өмнө тавьж хэрэглэнэ. Энэ тэмдгийг хэрэглэх нөхцөл нь тухайн гарам гэрлэн дохиогоор тоноглогдсон эсэхээс үл хамаарна.
Хаалтгүй гармын шугаман хэмжээг төмөр замын хоёр талд байрласан гэрлэн дохионууд, эсвэл 1.3.а буюу 1.3.б “Төмөр замын гарам” тэмдгүүдийн хоорондох замын бэлчир хэсгээр тодорхойлно. Хэрэв эдгээр гэрлэн дохио, тэмдгүүд байхгүй бол зорчих хэсэг ба төмөр замын огтлолцсон хэсгээр гармын хэмжээг тогтооно. Суурин газрын гаднах замд хаалтгүй гарам хүртэл 150-300 м, суурин газарт 50-100 м зайд 1.2 тэмдгийг байрлуулна. Ингэхдээ тухайн замын хэсгээр дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийн дундаж хурд, орчны бодит байдал, тэмдгийн үзэгдэлтийн зай, байрлуулах бололцоо зэргийг харгалзан тооцож аль тохиромжтой байрлалыг сонгоно. Зам, орчны байдал, үзэгдэлт халхлагдсан зэргээс шалтгаалан дээр дурдсан зайн хязгаар дотор тэмдгийг байрлуулах бололцоогүй байвал аль тохиромжтой өөр зайд тавьж болох бөгөөд энэ тохиолдолд 6.1.а,в,г “Объект хүртэлх зай” нэмэлт тэмдгээр гарам хүртэлх зайг зааж өгнө. Тухайлбал, 1.2 тэмдгийг дээр дурдсан зайд байрлуулах гэтэл уг зайн дотор уулзвар таарвал, эхлээд уг уулзварыг байгаа эсэхийг үл харгалзан 1.2 тэмдгийг дурдсан зайдаа байрлуулна. Үүний дараа: а) Хэрэв тухайн уулзвараас уг төмөр замын гарам хүртэлх зай суурин газарт 20-50 м, суурин газрын гадна 20-150 м байвал уг уулзварын цаана 1.2 тэмдгийг 6.1.а нэмэлт тэмдэгтэй хамт давтан тавина; б) Харин тухайн уулзвараас уг төмөр замын гарам хүртэлх зай 20 м-ээс бага байвал 1.2 тэмдгийг уулзварын цаана давтан тавихгүй бөгөөд харин хөндлөн огтолсон замуудад нь уг тэмдгийг 6.1.в буюу 6.1.г нэмэлт тэмдгийн хамт тухайн уулзвараас 50-60 м-ийн өмнө байрлуулна. Тэмдэгт бичигдэх тоон утгыг MNS 4597:2003 стандартаар тогтоосон байдаг бөгөөд дээр дурдсан 6.1.а,в,г тэмдгүүд дээр 10, 15, 20, 25, 30, 40, 50, 60, 70, 80, 100, 120, 150 м гэсэн тоон утгуудаас аль тохирохыг нь сонгож бичнэ.
Суурин газрын гаднах замд 1.2 тэмдгийг давтан тавина. Давтан тавигдах тэмдгийг гарам хүртэл 50-100 м зайд байрлуулах буюу эсвэл 1.4.а-1.4.е “Төмөр замын гарамд ойртоно” тэмдгийг хэрэглэж байгаа тохиолдолд 1.4.в, 1.4.е тэмдгүүдтэй хамт байрлуулна.
Тухайн нэг замтай огтлолцсон төмөр замын гармууд хоорондоо 50 м-ээс ойрхон оршиж байвал 1.2 тэмдгийг зөвхөн эхний гармын өмнө байрлуулах бөгөөд харин 50 м-ээс хол зайтай оршиж байвал гарам тус бүрийн өмнө байрлуулна.
Тэмдгийг замын баруун гар талд байрлуулахаас гадна нэг чигтээ хоёр буюу түүнээс олон эгнээтэй замд зорчих хэсгийн зүүн гар талд мөн зэрэгцүүлэн тавина. Түүнчлэн гармын үзэгдэлтийн зай суурин газрын гаднах замд 300 м-ээс, суурин газарт 100 м-ээс бага бол нэг чигтээ нэг эгнээтэй замд ч зэрэгцүүлэн тавина.
1.2 тэмдэг нь жолоочид төмөр замын хаалтгүй гарамд ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг урьдчилан анхааруулна. Суурин газарт тавигдсан 1.2 тэмдэг нь гармаас хамгийн холдоо 100 м зайд байх учир уг тэмдгээс цааш нэвтрэн орсон жолооч Замын хөдөлгөөний дүрмийн гүйцэж түрүүлэх, удаан зогсохыг хориглосон заалтын хүчинтэй үйлчлэлд орсонд тооцогдоно. Харин суурин газрын гаднах замд 1.2 тэмдэг нь дээрх хорионы үйлчлэлийг эхлүүлэхгүй ч жолооч уг үйлдлүүдээс аль болох татгалзах, ялангуяа гүйцэж түрүүлэх үйлдэл эхлэхгүй байхыг хичээвэл зохино.
1.2 тэмдгийн үйлчлэлд орсон жолооч хурдаа хасаж, гармын өмнө зогсох бололцоо бүхий хурдыг сонгох шаардлагатай бөгөөд галт тэрэг ирж буй эсэхийг анхааралтай ажиглан, зөвхөн аюулгүй байдлыг бүрэн хангасны үндсэн дээр гармыг нэвтэрч болно. Хэрэв галт тэрэг ирж байвал 7.11 “Зогс-шугам” тэмдэглэл буюу 3.5 “Зогсохгүй явах хориотой” тэмдэг, эсвэл гэрлэн дохионы өмнө, харин эдгээр нь байхгүй бол төмөр зам хүртэл 10 метрээс багагүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ. Ийм гармаар нэвтрэхдээ жолооч галт тэрэг ойртон ирж буй эсэхийг харгалзан үзэхээс гадна гэрэл болон дуут дохиог ч анхаарах шаардлагатай. Анивчсан улаан гэрэл ассан буюу дуут дохио ажиллаж байхад, эсвэл гармын жижүүр хориглосон дохио өгч байх үед гарам руу орохыг хориглоно. Мөн түүнчлэн гарам дээр ухрах буюу буцаж эргэх, гүйцэж түрүүлэх, түр буюу удаан зогсох, тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарам руу орох зэргийг Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон байдгийг анхаарвал зохино.