АНХААРУУЛАХ ТЭМДЭГ
1.3.а 1.3.б
Төмөр замын гарам
Төмөр замын хаалтгүй гармын шугаман хэмжээг тодорхойлох, гармын бэлчир, аюултай бүсийг жолоочид нарийвчлан заах зорилгоор 1.3.а буюу 1.3.б тэмдгийг гармын шууд өмнө байрлуулж хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл 1.3.а, 1.3.б тэмдгээр төмөр замын хаалтгүй гармын эхлэл, төгсгөлийн цэгийг тэмдэглэж, гармын уртын хэмжээг тогтооно. Тухайн гарам нь төмөр замын нэг шугамтай огтлолцсон байвал 1.3.а тэмдгийг, харин хоёр буюу түүнээс олон шугамтай огтлолцсон байвал 1.3.б тэмдгийг хэрэглэнэ. Эдгээр тэмдгийг төмөр замын хаалтгүй гарам бүрд тавьж хэрэглэх бөгөөд харин хаалттай гарамд хэрэглэхгүй.
Хаалтгүй гарам нь гэрлэн дохиотой бол гармын шугаман хэмжээсийн эхлэлийг гэрлэн дохионы байрласан цэгээр тогтоох бөгөөд 1.3.а буюу 1.3.б тэмдгийг уг гэрлэн дохиотой хамт нэг шон дээр байрлуулна. Харин гэрлэн дохиогүй гармын шугаман хэмжээсийг тогтоохдоо төмөр замын хамгийн гадна талын захын рельсээс автозамын дагуу хоёр тийш 6-10 м зайд 1.3.а буюу 1.3.б тэмдгийг байрлуулж гармын эхлэл, төгсгөл цэгийг заана. Эдгээр тэмдгийг ямар нэгэн нэмэлт тэмдэгтэйгээр хэрэглэхгүй бөгөөд мөн давтан буюу зэрэгцүүлэн байрлуулахгүй.
Төмөр замын хоёр талд байрласан 1.3.а буюу 1.3.б тэмдгүүд нь тухайн гармын бэлчрийг тодорхойлох учир Замын хөдөлгөөний дүрмийн төмөр замын гарам дээр жолоочид хориглосон заалтууд нь эдгээр тэмдгүүдийн хоорондох бүсэд үйлчилнэ. Тухайлбал, эдгээр тэмдгийн үйлчлэлд ухрах, буцаж эргэх, гүйцэж түрүүлэх, түр буюу удаан зогсох зэрэг үйлдлүүд хийхийг хориглоно. Түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмээр төмөр замын гарам хүртэл тогтоосон зайн хязгаарлалтууд нь 1.3.а ба 1.3.б тэмдгийн байрласан цэгээс хэмжигдэнэ. Тухайлбал, эдгээр тэмдэг хүртэл 100 м-ээс ойр зайд гүйцэж түрүүлэх буюу удаан зогсох, мөн 20 м-ээс ойр зайд түр зогсох зэрэг үйлдэл хийхийг жолоочид хориглоно. Энэ мэтээр 1.3.а ба 1.3.б тэмдгүүд нь дүрмийн зарим нэг заалтын үйлчлэх хүрээг тодорхойлохоос гадна гармаар болгоомжтой нэвтрэхийг жолоочид анхааруулна.