АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

1.4.а       1.4.б       1.4.в       1.4.г       1.4.д       1.4.е

Төмөр замын гарамд ойртоно

 

Төмөр замын гарамд ойртож байгааг анхааруулж буй 1.1 “Төмөр замын хаалттай гарам” буюу 1.2 “Төмөр замын хаалтгүй гарам” тэмдгийн утгыг жолоочид үечилсэн байдлаар давтаж анхааруулах, мөн гарам хүртэлх зайг баримжаалж тодорхойлоход нь туслах зорилгоор 1.4.а-1.4.е тэмдгийг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл эдгээр тэмдгийг 1.1 буюу 1.2 тэмдэгт нэмэлт байдлаар (хаалттай ба хаалтгүй гармын аль алинд) хэрэглэнэ. Ингэхдээ зөвхөн суурин газрын гаднах замд хэрэглэх бөгөөд нэг чигтээ хоёр буюу түүнээс олон эгнээтэй замын хувьд гарам бүрийн өмнө, харин нэг чигтээ нэг эгнээтэй замын хувьд гармын үзэгдэлтийн зай 300 м-ээс бага байгаа тохиолдол бүрд байрлуулна.

1.4.а, 1.4.б, 1.4.в тэмдгүүдийг замын баруун гар талд байрлуулна. Ингэхдээ төмөр замын гарам руу ойртох чигийн дагуу эхлээд 1.4.а, дараа нь 1.4.б, 1.4.в гэсэн дарааллаар, өөрөөр хэлбэл тэмдэг дэх улаан зураасын тоо нь цөөрөх дарааллаар цувуулан байрлуулна.

Нэг ба хоёр зураастай тэмдгүүдийг байрлуулах зай нь гурван зураастай тэмдгийг байрлуулах зайнаас хамаарна. Гурван зураастай тэмдгийг байрлуулахдаа 1.1 “Төмөр замын хаалттай гарам” буюу 1.2 “Төмөр замын хаалтгүй гарам” тэмдгийн байрлуулах дүрмийг мөрдлөг болгоно. Өөрөөр хэлбэл суурин газрын гаднах замд 1.1 буюу 1.2 тэмдгийг төмөр замын гарам хүртэл 150-300 м зайд байрлуулах тул гурван зураастай тэмдгийг мөн энэ зайд буюу 1.1, 1.2 тэмдгийн доор хамт байрлуулна. Гармаас гурван зураастай тэмдэг хүртэлх зайн гуравны хоёрт харгалзуулан хоёр зураастай тэмдгийг, гуравны нэгд харгалзуулан нэг зураастай тэмдгийг тус тус байрлуулна. Тухайлбал: Гарам хүртэл хамгийн хол зайд буюу 300 м-т тавигдсан 1.1 тэмдгийн доор гурван зураастай тэмдгийг байрлуулсан гэвэл хоёр зураастай тэмдгийг гармаас уг зайн гуравны хоёрт буюу 200 м-т, нэг зураастай тэмдгийг гуравны нэгд буюу 100 м-т байрлуулна. Хэрэв гурван зураастай тэмдгийг хамгийн ойр зайд буюу 150 м-т тавигдсан гэвэл хоёр зураастайг нь 100 м-т, нэг зураастайг нь 50 м-т тус тус байрлуулна. Эндээс үзэхэд нэг зураастай тэмдгийн байрлах норматив зай нь гарам хүртэл 50-100 м, хоёр зураастай тэмдгийнх 100-200 м байна. Хоёр зураастай тэмдгийг дангаар нь байрлуулах бөгөөд харин нэг зураастай тэмдгийн дээр 1.1 буюу 1.2 тэмдгийг давтан тавина.

 1.1 буюу 1.2 тэмдгийг зорчих хэсгийн зүүн гар талд зэрэгцүүлэн тавьдаг дүрмийн дагуу, нэг чигтээ хоёр буюу түүнээс олон эгнээтэй замд болон гармын үзэгдэлтийн зай нь 300 м-ээс бага байгаа нэг чигтээ нэг эгнээтэй замд 1.4.г, 1.4.д, 1.4.е тэмдгүүдийг замын зүүн гар талаар байрлуулна. Ингэхдээ замын баруун гар талаар тавигдсан 1.4.а-1.4.в тэмдгүүдтэй зураасын тоогоор нь харгалзуулан, тодруулбал 1.4.а тэмдэгтэй 1.4.г тэмдгийг, 1.4.б тэмдэгтэй 1.4.д тэмдгийг, 1.4.в тэмдэгтэй 1.4.е тэмдгийг тус тус зэрэгцүүлж байрлуулна. Өөрөөр хэлбэл эдгээр тэмдэг дэх улаан зураасын налуу нь зорчих хэсэг рүү уруудсан хэлбэртэй байна. Зорчих хэсгийн зүүн гар талд тавигдах 1.4.г тэмдгийн дээр 1.1 буюу 1.2 тэмдгийг зэрэгцүүлж (хувилж) тавих бөгөөд 1.4.е тэмдгийн дээр мөн давтан тавина. Харин 1.4.д буюу хоёр зураастай тэмдгийг 1.4.б тэмдгийн адил дангаар нь байрлуулна.

 

 

 

Нэг ба гурван зураастай (1.4.а, 1.4.в, 1.4.г, 1.4.е) тэмдгүүд нь 1.1 буюу 1.2 тэмдгийн доор тавигдах учир тэдгээрийг байрлуулах өндрийн хэмжээг стандартын дагуу байрласан 1.1 буюу 1.2 тэмдгийн өндрөөс хамааруулж тогтооно. Ингэхдээ 1.1 буюу 1.2 тэмдгийн доод ирмэгээс доош 50-200 мм зайтай, голлуулж байрлуулах бөгөөд нэг төрлийн тэмдгүүдийг ижил өндөрт байрлуулах зарчмын дагуу 1.4.а-1.4.е тэмдгүүдийг ижил өндөртэйгөөр байрлуулна.

 

 

 

Эдгээр тэмдэг нь төмөр замын гарамд ойртож байгааг жолоочид шат дараалан анхааруулна. Нэг зураастай тэмдэг нь төмөр замын гарамд 100 метрээс ойр зайд очсоныг, өөрөөр хэлбэл удаан зогсох, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглосон заалтуудын хүчинтэй үйлчлэлд орсныг жолоочид илтгэнэ. Мөн тэмдгүүд төмөр замын гармаас хамгийн бага зайтай байрласан тохиолдолд хоёр зураастай тэмдэг ч дээрх утгыг илэрхийлж болно. Гурван зураастай тэмдгийн үйлчлэлд орсон жолооч хурдаа хасаж, хэрэв гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаа бол уг үйлдлээ даруй дуусгах, дахин тийм үйлдэл эхлэхгүй байхыг анхаарвал зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»