АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

1.5

Адил замын уулзвар

 

Адил замын уулзварт ойртож байгааг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор 1.5 тэмдгийг дараахь хоёр нөхцөлд хэрэглэнэ:

а. Адил замын уулзварын үзэгдэлтийн зай нь суурин газрын гаднах замд 150 м-ээс, суурин газарт 50 м-ээс бага байх замын хэсэгт 1.5 тэмдгийг уг адил чанарын замуудын огтлолцлын өмнө тавьж хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл үзэгдэлт хязгаарлагдмал хэсэг дэх адил замын уулзварт ойртож байгааг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор хэрэглэнэ;

б. Тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх дараалал нь урьд өмнө дарааллын тэмдгээр буюу эсвэл зорчих хэсгүүдийн гадаргуугийн ялгаатай байдлаар тогтоогдож байсан уулзварыг адил замын чанартай болгож өөрчилсөн тохиолдолд уг уулзварыг урьдчилан мэдэгдэх зорилгоор, өөрөөр хэлбэл уулзварын чанар өөрчлөгдсөн болохыг жолоочид анхааруулах зорилгоор 1.5 тэмдгийг хэрэглэнэ. Мөн уулзварт нийлж буй зорчих хэсгүүдийн гадаргуугийн байдал нь уг уулзварыг адил чанарын огтлолцол мөн эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц, тухайлбал уулзварт нийлж буй аль нэг замын хатуу хучилт нь тухайн уулзварт хүрэхээс өмнө дууссан зэргээр нэвтрэх дарааллыг тогтооход хүндрэл учруулж жолооч нарыг төөрөгдүүлж болзошгүй тохиолдолд уг уулзварыг адил замын чанартай болохыг нотлох зорилгоор 1.5 тэмдгийг хэрэглэж болно. Ийм нөхцөлөөр, өөрөөр хэлбэл уулзвар нэвтрэх дарааллын журмыг тодотгох зорилгоор хэрэглэгдэж буй 1.5 тэмдгийг уг уулзварт нийлж буй бүх замд байрлуулж хэрэглэнэ.

Уулзварын эхлэлийг тухайн бэлчир хэсгийн эхлэл цэг буюу түүнд нийлж буй зорчих хэсгийн захын дугуйрч эхлэх цэгээр тодорхойлох бөгөөд суурин газрын гаднах замд энэ цэг хүртэл 150-300 м, суурин газарт 50-100 м зайд 1.5 тэмдгийг байрлуулна. Ингэхдээ замын тухайн хэсгээр дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийн дундаж хурд, орчны бодит байдал, тэмдгийн үзэгдэлтийн зай, байрлуулах бололцоо зэргийг харгалзан тооцож аль тохиромжтой байрлалыг сонгоно. Зам, орчны байдал болон тухайн уулзварын үзэгдэлт халхлагдсан зэргээс шалтгаалан дээр дурдсан зайн хязгаар дотор тэмдгийг байрлуулах бололцоогүй байвал аль тохиромжтой өөр зайд тавьж болох бөгөөд энэ тохиолдолд 6.1.а “Объект хүртэлх зай” нэмэлт тэмдгээр тухайн уулзвар хүртэлх зайг зааж өгнө.

1.5 тэмдгийн үйлчлэлд орсон жолооч хурдаа хасаж тухайн уулзварыг нэвтрэхдээ ЗХД-ийн 12.8 ба 12.10-т заасан адил замын уулзвар нэвтрэх журмыг мөрдлөг болговол зохино. Уулзварт ойртон очихдоо баруун гар талын замаас тээврийн хэрэгсэл ойртон ирж буй эсэхийг анхааралтай ажиглан, хэрэв ирж байвал түүнд зам тавьж өгөхийн тулд хурдаа хасах буюу зогсох арга хэмжээ авах шаардлагатай. 1.5 тэмдгээр анхааруулсан уулзвар нь шороон болон хатуу хучилттай замуудын огтлолцол байсан ч түүнийг адил замын уулзварт тооцох тул жолооч ийм уулзварыг нэвтрэхдээ зорчих хэсгүүдийн гадаргуугийн ялгааг үл харгалзана. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд зорчих хэсгүүдийн гадаргуугийн ялгаатай байдал нь тухайн уулзварын чанарыг тодорхойлохгүй бөгөөд тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх дарааллыг тогтоохгүй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»