АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

1.6

Тойрох хөдөлгөөнтэй уулзвар

 

Тойрох хөдөлгөөний зохион байгуулалттай уулзвар болох 4.3 “Тойрох хөдөлгөөн” тэмдэг тавигдсан уулзварт ойртож байгааг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор 1.6 тэмдгийг хэрэглэнэ. Ингэхдээ суурин газарт тухайн уулзварын үзэгдэлтийн зай нь 50 м-ээс бага байх тохиолдолд буюу уг уулзвар нь байнгын гэрэлтүүлэггүй байх нөхцөлд хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл тухайн уулзварын үзэгдэлт хангалттай байгаа нөхцөлд 1.6 тэмдгийг суурин газарт хэрэглэхгүй. Харин суурин газрын гаднах замд уг тэмдгийг 4.3 “Тойрох хөдөлгөөн” тэмдэг тавигдсан уулзвар бүрийн өмнө байрлуулж хэрэглэнэ.

1.6 тэмдгийн үйлчлэлд жолооч хурдаа хасаж, тойрох хөдөлгөөнтэй уулзварыг нэвтрэхэд тохиромжтой хурдыг сонгоно. Ийм уулзварыг тэмдэгт заасан сумны дагуу зөвхөн баруун гар тийш эргэх байдлаар, өөрөөр хэлбэл хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөн нөхцөлтэйгөөр нэвтрэх тул уулзварт орохын өмнө ЗХД-ийн 7.9-д заасны дагуу зөвхөн хамгийн баруун гар талын захад байр эзлэх албагүй юм. Тойрох хөдөлгөөнд нийлж буй зорчих хэсгийн огтлолцлыг зүүнээс баруун гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй замд нийлж буй Т-хэлбэрийн уулзвартай адилтгаж болох бөгөөд ийм уулзварт орохын өмнө жолооч зүүн гар талаасаа тээврийн хэрэгсэл ойртож яваа эсэхийг анхаарвал зохино. Тэмдгийн анхааруулж буй уулзвар нь заавал аюулгүйн аралтай байх албагүй бөгөөд томоохон талбайтай бэлчир байж болох юм. Энэ тохиолдолд жолооч уг бэлчрийг чигээрээ буюу зүүн гар тийш эргэх байдлаар талбайн төв хэсгийг дайран нэвтэрч болохгүй бөгөөд зөвхөн цагийн зүүний эсрэг чигт баруун гар талаа барьж аюулгүйн тойрог үүсгэн нэвтэрвэл зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»