АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

1.7

Гэрэл дохионы зохицуулга

 

Гэрэл дохионы зохицуулгатай замын хэсэгт ойртож байгааг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор 1.7 тэмдгийг хэрэглэнэ. Энэ тэмдгийг суурин газрын гаднах замд хөдөлгөөн нь гэрэл дохиогоор зохицуулагддаг уулзвар буюу явган хүний гарц бүрийн өмнө, харин суурин газарт гэрлэн дохионы үзэгдэлтийн зай нь 100 м-ээс бага байх тохиолдолд болон түүнчлэн суурин газар руу орсны дараахь хамгийн эхний гэрэл дохионы зохицуулгатай уулзвар буюу явган хүний гарцын өмнө байрлуулж хэрэглэнэ. Мөн шинээр суурилуулж ашиглалтад оруулсан гэрлэн дохиог жолооч нарт анхааруулах, тэднийг уг зохицуулгад хэвшүүлэх үүднээс 1.7 тэмдгийг тодорхой хугацаагаар байрлуулж хэрэглэж болно. Харин энэ тэмдгийг төмөр замын гармын өмнөх гэрлэн дохиог анхааруулах зорилгоор хэрэглэхгүй.

1.7 тэмдгийг байрлуулах зайн хэмжээг тухайн гэрлэн дохионы зохицуулгад хамаарах 7.11 “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 “Зогс-шугам” тэмдгийн байрласан цэгээс хэмжих бөгөөд харин ийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар буюу явган хүний гарцын эхлэл цэгээс хэмжиж тогтооно. Уулзварын эхлэлийг түүний бэлчир хэсэгт нийлж буй зорчих хэсгийн захын дугуйрч эхлэх цэгээр, харин явган хүний гарцын эхлэлийг 7.13.б “Явган хүний гарц” тэмдэглэлийн наад ирмэг буюу 5.16.б “Явган хүний гарц” тэмдгийн байрласан цэгээр тодорхойлно. Суурин газрын гаднах замд энэ цэг хүртэл 150-300 м, суурин газарт 50-100 м зайд 1.7 тэмдгийг байрлуулна. Ингэхдээ замын тухайн хэсгээр дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийн дундаж хурд, орчны бодит байдал, тэмдгийн үзэгдэлтийн зай, байрлуулах бололцоо зэргийг харгалзан тооцож аль тохиромжтой байрлалыг сонгоно. Зам, орчны байдал болон тухайн гэрлэн дохионы үзэгдэлт халхлагдсан зэргээс шалтгаалан дээр дурдсан зайн хязгаар дотор тэмдгийг байрлуулах бололцоогүй байвал аль тохиромжтой өөр зайд тавьж болох бөгөөд энэ тохиолдолд 6.1.а,в,г “Объект хүртэлх зай” нэмэлт тэмдгээр уг гэрэл дохионы зохицуулга хүртэлх зайг зааж өгнө.

1.7 тэмдгийн үйлчлэлд жолооч хурдаа хасаж, хориглосон дохиогоор “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө, хэрэв ийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уг уулзвар буюу явган хүний гарцын өмнө огцом тоормослохгүйгээр зогсох бололцоо бүхий хурдыг сонгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл 1.7 тэмдгийн гол зорилго нь жолооч нарыг гэрэл дохионы зохицуулгатай гэнэт тулгарах, ингэснээр хориглосон дохионы өмнө зогсож амжихгүй нэвтрэх буюу огцом тоормослож аюулгүй байдал алдагдуулахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ. Ялангуяа суурин газрын гаднах зам буюу өөрөөр хэлбэл гэрэл дохионы зохицуулгагүй газраас урт замыг туулан ирсэн жолооч суурин газар руу орсны дараахь хамгийн эхний гэрлэн дохиотой тааралдах үед дээрх байдал түгээмэл ажиглагддаг байна. Мөн шинээр ашиглалтад оруулсан гэрлэн дохиог урьдчилан анхааруулах нь ялангуяа уг замын хэсгээр байнга зорчиж хэвшсэн жолооч нарын хувьд дээрх байдлыг гаргуулахгүй байхад чухал нөлөөтэй арга хэмжээ болдог байна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»