АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

1.8.а              1.8.б

Огцом эргэлт

 

1.8.а,б тэмдгийг дараахь хоёр нөхцөлд хэрэглэнэ:

а. Замын тухайн эргэлтийг туулан өнгөрүүлэхэд тохиромжтой хурдны хэмжээг эргэлтийн өмнөх үеийн хурдны хэмжээнд харьцуулсан харьцаа болох аюулгүйн коэффициент 0.6-аас бага байх нөхцөлд буюу өөрөөр хэлбэл эргэлтийн радиус багатайгаас шалтгаалан хурдыг 40-өөс илүү хувиар бууруулбал зохих замын тохойрсон хэсэгт ойртож байгааг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор;

б. Доорхи хүснэгтийн 1 дүгээр баганад заасан хурдтайгаар замын тохойрсон хэсэгт ойртож яваа жолоочид өөдөөс нь ирж яваа автомашины бодит үзэгдэлтийн зай хүснэгтийн 2 дугаар баганад үзүүлсэн “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үзэгдэлтийн хамгийн бага зай”-аас бага байгаа нөхцөлд буюу өөрөөр хэлбэл үзэгдэлт хязгаарласан эргэлтэд ойртож байгааг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор хэрэглэнэ.

 

Ойртон очих үеийн хурд

[км/цаг]

Тухайн хурдтай яваа үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үзэгдэлтийн хамгийн бага зай [м]

30

40

50

60

80

100

120

80

100

120

150

200

280

350

Тайлбар: 1. Эргэлтийн өмнөх үеийн хурд (ойртон очих үеийн хурд)-ны хэмжээг тогтоохдоо шинээр баригдаж байгаа замын хувьд тооцоолсон хурдны 70%-д харгалзах хурдыг, харин одоо ашиглаж байгаа замын хувьд тухайн хэсгээр дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийн 85% нь хэтрүүлээгүй хурдыг сонгоно.

2. Үзэгдэлтийн зай гэдэгт зорчих хэсгийн гадаргуугаас 1.2 м-ийн өндөрт байрласан зүйлийг ажиглагчийн нүд мөн 1.2 м (суудлын автомашины жолоочийн нүдний түвшин)-ийн өндрөөс чөлөөтэй харах боломж бүхий зайн хэмжээг ойлгоно.

 

Дээрх “а” буюу “б” нөхцөлийг агуулсан хоёр буюу түүнээс олон тохойрсон хэсгүүд хоорондоо 300 м-ээс хол зайтай байрласан байвал 1.8.а,б тэмдгийг тухайн хэсэг тус бүрийн өмнө байрлуулж хэрэглэнэ.

1.8.а тэмдгийг зам баруун гар тийш тохойрсон хэсгийн өмнө, 1.8.б тэмдгийг зүүн гар тийш тохойрсон хэсгийн өмнө байрлуулах бөгөөд суурин газрын гаднах замд тухайн тохойрсон хэсэг хүртэл 150-300 м, суурин газарт 50-100 м зайд байрлуулна. Зам, орчны байдал, үзэгдэлт халхлагдсан зэргээс шалтгаалан уг зайн хязгаар дотор тэмдгийг байрлуулах бололцоогүй байвал аль тохиромжтой өөр зайд тавьж болох бөгөөд энэ тохиолдолд 6.1.а “Объект хүртэлх зай” тэмдгээр тухайн эргэлт хүртэлх зайг зааж өгнө.

Хөдөлгөөний аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нэмэлт арга хэмжээ авах үүднээс 1.8.а,б тэмдэгтэй хамт 2.24 “Хурдны дээд хязгаарлал”, эсвэл 5.18 “Тохиромжтой хурд” тэмдгийг хэрэглэж болно. Энэ тохиолдолд 5.18 тэмдгийн үйлчлэх хүрээ замын тохойрсон хэсгийн төгсгөл хүртэл үргэлжилнэ. Харин 2.24 тэмдгийн хувьд үйлчлэх хүрээ нь дээрх байдлаар тодорхойлогдохгүй тул түүнийг холбогдох бусад тэмдгээр тодруулах шаардлагатай.

Огцом эргэлтийг хурд ихтэй гүйцэтгэх нь тээврийн хэрэгсэл замаас гарах буюу эсрэг урсгалд орох, цаашилбал төвөөс зугтах хүчний үйлчлэлээр гулсаж шарвах, тогтворжилт алдаж онхолдох зэрэг аюулыг үүсгэж болзошгүй юм. Тиймээс 1.8.а,б тэмдгийн үйлчлэлд жолооч хурдаа хангалттай хэмжээгээр бууруулж, эргэлтийн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиг, тогтворжилт бүрэн хадгалагдаж байхуйц хурдыг сонговол зохино. Мөн түүнчлэн энэ тэмдгийн анхааруулж буй замын тохойрсон хэсэг нь үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөлтэй, өөрөөр хэлбэл өөдөөс яваа тээврийн хэрэгслийн харагдах зай нь аюулгүй байдлыг хангах үзэгдэлтийн зайнаас бага байж болзошгүй тул жолооч тэмдгийн үйлчлэлд эсрэг урсгал сөрж гүйцэж түрүүлэх, буцаж эргэх зэрэг үйлдэл хийхээс татгалзвал зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»