АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

1.9.а              1.9.б

Тахир зам

 

1.8.а,б “Огцом эргэлт” тэмдгийг хэрэглэх нөхцөл бүрдсэн, эргэх радиус багатай буюу үзэгдэлт хязгаарлагдмал замын тохойрсон хэсгийн араас дахин нэг буюу хэд хэдэн тохойрсон хэсэг 300 м-ээс холгүй зайтайгаар залган үргэлжилсэн байвал замын тэрхүү тахирласан хэсгийг жолоочид анхааруулахдаа 1.8.а,б тэмдгийн оронд 1.9.а буюу 1.9.б тэмдгийг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл замын тахирласан хэсгийн хамгийн эхний тохойролт нь 1.8.а,б “Огцом эргэлт” тэмдгийг хэрэглэх “а” буюу “б” нөхцөлийн аль нэгийг агуулж байгаа бол 1.9.а буюу 1.9.б тэмдгийг хэрэглэх нөхцөл бүрдсэнд тооцно (1.8.а,б “Огцом эргэлт” тэмдгийг хэрэглэх “а” ба “б” нөхцөлүүдийг өмнөх хуудаснаас үз).

Замын тохойрсон хэсгүүдийн хоорондын зайг зорчих хэсгийн тухайн эргэлтийн төгсгөлийн цэгээс дараагийн дугуйрч эхлэх цэг хүртэлх зайн хэмжээгээр тодорхойлох бөгөөд энэ зай 300 м-ээс бага байвал замын тухайн хэсгийг тахир замд тооцно. 1.9.а,б тэмдгийн анхааруулж буй утга нь замын уг тахирласан хэсгийг бүхэлд нь хамарна.

Замын тахирласан хэсгийн эхний эргэлт баруун гар тийш чиглэсэн байвал 1.9.а тэмдгийг, зүүн гар тийш чиглэсэн байвал 1.9.б тэмдгийг хэрэглэнэ.

Замын тахирласан хэсэг нь гурав буюу түүнээс олон тохойролттой байвал эхний тохойролтын шууд өмнө 1.9.а буюу 1.9.б тэмдгийг 6.2.а “Үйлчлэх хүрээ” нэмэлт тэмдэгтэйгээр давтаж байрлуулах бөгөөд уг нэмэлт тэмдгээр тухайн тахирласан хэсгийн үргэлжлэх зайг заана.

6.2.а

Хөдөлгөөний аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нэмэлт арга хэмжээ авах үүднээс 1.9.а,б тэмдэгтэй хамт 2.24 “Хурдны дээд хязгаарлал”, эсвэл 5.18 “Тохиромжтой хурд” тэмдгийг хэрэглэж болно. Энэ тохиолдолд 5.18 тэмдгийн үйлчлэх хүрээ нь замын тахирласан хэсгийн төгсгөл хүртэл үргэлжилнэ. Харин 2.24 тэмдгийн хувьд үйлчлэх хүрээ нь ингэж тодорхойлогдохгүй тул түүнийг холбогдох бусад тэмдгээр тодруулах шаардлагатай.

Огцом эргэлтийг хурд ихтэй гүйцэтгэх нь тээврийн хэрэгсэл замаас гарах буюу эсрэг урсгалд орох, цаашилбал төвөөс зугтах хүчний үйлчлэлээр гулсаж шарвах, тогтворжилт алдаж онхолдох зэрэг аюулыг үүсгэж болзошгүй юм. Тиймээс 1.9.а,б тэмдгийн үйлчлэлд жолооч хурдаа хангалттай хэмжээгээр бууруулж, эргэлтийн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиг, тогтворжилт бүрэн хадгалагдаж байхуйц хурдыг сонговол зохино. Мөн түүнчлэн энэ тэмдгийн анхааруулж буй замын тохойрсон хэсэг нь үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөлтэй, өөрөөр хэлбэл өөдөөс яваа тээврийн хэрэгслийн харагдах зай нь аюулгүй байдлыг хангах үзэгдэлтийн зайнаас бага байж болзошгүй тул жолооч тэмдгийн үйлчлэлд эсрэг урсгал сөрж гүйцэж түрүүлэх, буцаж эргэх зэрэг үйлдэл хийхээс татгалзвал зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»