АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

 

 

 

 

 

1.10

Эгц уруу

1.11

Огцом өгсүүр

 

 

Их хэмжээний өнцгөөр уруудаж байгаа буюу эсвэл өгсөж байгаа замын хэсэг нь нэлээд урт зайг хамран үргэлжилсэн байвал түүнд ойртож байгааг анхааруулах зорилгоор 1.10 буюу 1.11 тэмдгийг хэрэглэнэ. Харин эгц уруу буюу огцом өгсүүр нь замын богинохон хэсгийг хамарсан, тухайлбал, багахан хэмжээний дов, жалга гэх мэт замын хотгор, гүдгэр, тэгш биш хэсгийг анхааруулахад дээрх тэмдгүүдийг хэрэглэхгүй. Өөрөөр хэлбэл 1.10, 1.11 тэмдгийг хэрэглэх нөхцөл нь замын өгсүүр, уруугийн хувь хэмжээнээс хамаарахаас гадна түүний уртаас мөн хамаарна.

Доорхи хүснэгтийн 1 дүгээр баганад заасан налуугийн хувь хэмжээтэй уруу буюу өгсүүр хэсгийн үргэлжлэх зай нь 2 дугаар баганад харгалзах тоон утгаас илүү байвал замын тухайн хэсгийг бэрхшээлтэй замын хэсэгт тооцох бөгөөд 1.10 буюу 1.11 тэмдгийг хэрэглэх нөхцөл бүрдсэнд тооцно.

 

Уруу буюу өгсүүрийн

хувь хэмжээ

[ ‰ (%) ]

Уруу буюу өгсүүр хэсгийн

үргэлжлэх зай

[м]

40 (4)

50 (5)

60 (6)

70 (7)

80 (8) ба түүнээс их

600

450

350

300

270

Тайлбар: Уруу буюу өгсүүрийн хувь хэмжээг өнцгийн хэм (градус)-ээр биш, харин уруудалт, өгсөлтийн хувиар илэрхийлдэг юм. Хаалтан дотор байгаа тоо нь процент (%)-оор, харин хаалтны гадна байгаа тоо нь промилл (‰)-оор илэрхийлэгдэх хэмжээ болно. Процентоор илэрхийлэгдсэн хэмжээ нь тухайн замын хэсгийн 100 метр тутамд, харин промиллоор илэрхийлэгдсэн хэмжээ нь 1000 метр тутамд зорчих хэсгийн түвшин хэдэн метрээр намсаж буюу өндөрсөж байгааг илтгэх хэмжигдэхүүн юм.

 

Хэрэв замын өгсүүр болон уруу хэсгүүд ар араасаа залган үргэлжилсэн, өөрөөр хэлбэл 1.10 ба 1.11 тэмдгийг урьдчилан байрлуулах боломжгүй байвал тухайн уруу буюу өгсүүр хэсэг тус бүрийн эхлэлийн шууд өмнө байрлуулна.

Замын уруу буюу өгсүүр хэсгийн үргэлжлэх зайн хэмжээ нь жолоочид бүхлээрээ харагдахгүй, эсвэл 500 м-ээс урт байвал тухайн хэсгийн шууд өмнө 1.10 буюу 1.11 тэмдгийг 6.2.а “Үйлчлэх хүрээ” нэмэлт тэмдэгтэйгээр давтаж байрлуулах бөгөөд уг нэмэлт тэмдгээр уруу буюу өгсүүр хэсгийн үргэлжлэх зайг заана.

6.2.а

1.10 буюу 1.11 тэмдэг тавигдсан замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслийнхээ тоормосны системийн хэвийн ажиллагааг шалгаж, хөдөлгөөний аюулгүйн горимыг өндөр хэмжээнд хангах, ялангуяа тээврийн хэрэгслийн хурд, хоорондын зайгаа замын тухайн нөхцөл байдалд тохируулан зөв тооцоолох шаардлагатай юм. Учир нь уруу буюу өгсүүр замд тээврийн хэрэгслийн хүндийн хүчний тодорхой хэсэг нь уг тээврийн хэрэгслийг газрын уруу руу татах чигт үйлчилдэг бөгөөд энэ хүчний үйлчлэлийн улмаас өгсөж яваа тээврийн хэрэгсэл хүч алдаж хойш ухрах, уруудаж яваа тээврийн хэрэгсэл хурд авч урагш өнхрөх зэрэг жолоодлогын тогтворгүй байдал үүсэх аюултай юм. Энэхүү аюулаас сэргийлэх үүднээс жолооч тээврийн хэрэгслийнхээ хурдны хайрцгийн дамжуулгын хүнд арааг сонгож явбал зохино. Хурдны хайрцгийн хүнд араан дамжуулга нь тээврийн хэрэгслийн зүтгэх хүчийг олон дахин нэмэгдүүлдэг тул өгсүүр замд хүч алдахаас сэргийлнэ. Мөн түүнчлэн хүнд араан дамжуулга нь зүтгэх хүчийг ихэсгэхдээ хөдөлгүүрийн эргэлтийн хурдыг тэр хэмжээгээр бууруулж зүтгэх дугуйнд дамжуулдаг тул хөдөлгүүрийн тоормослолтыг үүсгэж улмаар уруу замд тээврийн хэрэгслийг хурд авч өнхрөхөөс сэргийлнэ. Иймд эгц уруу замд авцуулах холбоо болон араан дамжуулгыг салгалгүйгээр аль болох хөдөлгүүрийн тоормослолтыг хангаж явах нь зүйтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд тоормосны механизмын хавсарсан тоормослолтыг ашиглах нь илүү үр дүнтэй байна.

1.10 буюу 1.11 тэмдэг тавигдсан замын хэсгийг бэрхшээлтэй замд тооцох бөгөөд ийм замын нарийссан хэсгээр тээврийн хэрэгслүүд зөрж өнгөрөхөд хүндрэлтэй байвал 1.10 тэмдэгтэй талаас яваа (уруудаж яваа) тээврийн хэрэгслийн жолооч өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»