АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

1.12

Халтиргаатай зам

 

Автомашины дугуй ба зорчих хэсгийн гадаргуугийн хоорондох барьцалт нь хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй хэмжээнд хүртэл буурсан замын хэсэгт ойртож байгааг жолоочид анхааруулах зорилгоор 1.12 тэмдгийг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл замын зорчих хэсгийн гадаргуу нойтон буюу чийгтэй үедээ автомашины дугуйн гадаргуутай барьцалдах коэффициент нь 0.3-аас бага байх замын хэсгийн өмнө энэ тэмдгийг байрлуулна.

Хатуу хучилттай засмал замын гадаргуугийн барьцалтын коэффициент хуурай үедээ өндөр байдаг төдийгүй зарим төрлийн хатуу хучилт нойтон үедээ ч барьцалтын чанараа харьцангуй сайн хадгалдаг байна. Харин чулуун ба хар тосон материалын холимог хучилт бүхий зорчих хэсгийн гадаргуу нойтон үедээ халтиргаа, гулгаа их үүсгэдэг юм. Түүнээс гадна цас орсон буюу мөс тогтсон, хяруу буусан, мөн намар навчис унасан үед ямар ч төрлийн замын гадаргуугийн барьцалтын коэффициент огцом буурдаг байна.

1.12 тэмдгийн хүчинтэй үйлчлэх нөхцөлийг тодотгох зорилгоор 6.16.а,б “Зорчих хэсгийн гадаргуугийн байдал” нэмэлт тэмдгийг хэрэглэж болно. Мөн шаардлагатай тохиолдолд 1.12 тэмдгийг 6.2.а “Үйлчлэх хүрээ” нэмэлт тэмдгийн хамт замын тухайн хэсгийн шууд өмнө давтан байрлуулж уг нэмэлт тэмдгээр халтиргаатай хэсгийн үргэлжлэх зайг заана.

1.12 тэмдгийн үйлчлэлд жолооч тээврийн хэрэгслээ шарвахаас сэргийлж харьцангуй бага хурдтай явах шаардлагатай бөгөөд ялангуяа огцом тоормослох буюу огцом хурд авах, мөн жолооны хүрдийг огцом эргүүлэх зэрэг нь зам, дугуйн барьцалтыг алдагдуулж, тээврийн хэрэгсэл шарвах, онхолдох нөхцөлийг бий болгодгийг онцгой анхаарвал зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»