АНХААРУУЛАХ ТЭМДЭГ
1.13
Тэгш биш зам
Зорчих хэсгийн гадаргуу нь эвдрэл, гэмтэлтэй (овон товон, хотгор, гүдгэр, дэржигнүүр, донсолгоотой гэх мэт), түүнчлэн гүүрэн байгууламжид холбогдсон залгаас хэсэг нь алгуур жигд бус зэргээс шалтгаалж замын тухайн хэсгийг туулан өнгөрүүлэхэд тохиромжтой хурдны хэмжээг ойртон очих үеийн хурдны хэмжээнд харьцуулсан харьцаа болох аюулгүйн коэффициент нь 0.6-аас бага байх замын хэсгийн өмнө 1.13 тэмдгийг байрлуулна. Өөрөөр хэлбэл замын гадаргуугийн тэгш бусаас шалтгаалан тээврийн хэрэгслийн хурдыг 40-өөс илүү хувиар бууруулбал зохих замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор энэ тэмдгийг хэрэглэнэ.
Замын тухайн аюул бүхий хэсэг нь тасалдалтайгаар ойр ойрхон давтагдан нэлээд урт зайг хамран үргэлжилж байвал 1.13 тэмдгийг 6.2.а “Үйлчлэх хүрээ” нэмэлт тэмдгийн хамт тухайн аюул бүхий хэсгийн шууд өмнө давтан тавьж уг зайг тодруулна.
Замын ийм хэсэг нь ялангуяа суудлын автомашин болон хоёр дугуйт тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд илүү аюултай байдаг. 1.13 тэмдгийн үйлчлэлд жолооч тээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөний тогтворжилтыг хадгалж явахын тулд хурдаа багасгах шаардлагатай. Замын ийм хэсэгт тээврийн хэрэгслийн дугуйнууд зорчих хэсгийн гадаргуутай нэгэн жигд, хангалттай харьцаж чаддаггүй, өөрөөр хэлбэл дугуй тус бүрийн барьцалтын хүчнүүд харилцан адилгүй, тэр бүү хэл зарим дугуй замын гадаргуутай дөнгөж шүргэлцэх төдий байдаг учир огцом тоормослох нь тээврийн хэрэгсэлд шарвалт үүсгэх аюултай юм.