АНХААРУУЛАХ ТЭМДЭГ
1.14
Хайрга үсэрнэ
Хөдөлгөөний үед тээврийн хэрэгслийн дугуйн доороос хайрга, чулуу шидэгдэж болзошгүй замын хэсгийн өмнө 1.14 тэмдгийг байрлуулна.
Замын тухайн аюул бүхий хэсэг нь тасалдалтайгаар ойр ойрхон давтагдан нэлээд урт зайг хамран үргэлжилж байвал 1.14 тэмдгийг 6.2.а “Үйлчлэх хүрээ” нэмэлт тэмдгийн хамт тухайн аюул бүхий хэсгийн шууд өмнө давтан тавьж уг зайг тодруулна.
Энэ тэмдгийг гол төлөв замын гадаргуугийн засварын ажил хийгдэж байгаа газарт хэрэглэнэ. Тэмдгийн анхааруулж буй гол утга нь ар араасаа цуварч яваа болон өөд өөдөөсөө зөрж яваа тээврийн хэрэгслүүдийн дугуйн доороос хайрга, чулуу шидэгдэж аль нэгнийхээ салхины шил, цонх, гэрэлтүүлэх хэрэгслийг хагалж, эвдэхээс сэргийлэхэд чиглэгдэнэ. Иймээс 1.14 тэмдгийн үйлчлэлд жолооч хурдаа багасгаж, урд яваа тээврийн хэрэгслээс хоорондын зайгаа, өөдөөс яваа болон зэрэгцэж яваа тээврийн хэрэгслээс хажуугийн зайгаа аль болох их байхаар барьж, хайрга, чулуу үсэрч болзошгүй аюулаас болгоомжлох шаардлагатай. Ялангуяа замын ийм хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийх нь тэмдгийн анхааруулж буй аюулыг үүсгэх нэг гол шалтгаан болох тул уг үйлдлээс аль болох татгалзвал зохино.
Мөн зорчих хэсэгт ойрхон яваа хүн, мал амьтад руу хайрга, чулуу үсэргэж гэмтээхээс давхар сэрэмжлэх шаардлагатай бөгөөд ийм ослоос сэргийлэх гол нөхцөл нь замын тухайн хэсгийг хурд багатайгаар туулан өнгөрүүлэхэд оршино.