АНХААРУУЛАХ ТЭМДЭГ
1.15.а 1.15.б 1.15.в
Зам нарийсна
Зорчих хэсгийн өргөн тодорхой хэмжээгээр нарийссанаас шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулж болзошгүй замын хэсэгт ойртож байгааг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор 1.15.а,б,в тэмдгийг хэрэглэнэ. Ингэхдээ хөдөлгөөний тухайн чигт зориулагдаж буй зорчих хэсгийн өргөний хэмжээ суурин газрын гаднах замд 0.5 м-ээс илүү, суурин газрын доторхи замд нэг эгнээгээр буюу түүнээс илүү хэмжээгээр нарийссан байвал эдгээр тэмдгийг хэрэглэх нөхцөл бүрдсэнд тооцно. Түүнчлэн гүүрэн байгууламж, хонгил гэх мэт хөдөлгөөний өргөн, хажуугийн зайн хашигдмал нөхцөлтэй замын хиймэл байгууламжид ойртож байгааг жолоочид анхааруулахын тулд эдгээр тэмдгийг хэрэглэж болно. Ялангуяа замын тухайн зорчих хэсэг нь уг хиймэл байгууламж руу орохдоо ямар нэг хэмжээгээр бага боловч нарийсаж байгаа бол 1.15.а,б,в тэмдгийг заавал хэрэглэнэ. Тэр бүү хэл суурин газрын гаднах замд тухайн хиймэл байгууламж руу орж буй зорчих хэсгийн өргөний хэмжээ өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл хиймэл байгууламж руу орсон зорчих хэсгийн өргөн нь түүнд нийлж буй зорчих хэсгийн өргөний хэмжээтэй тэнцүү байгаа тохиолдолд ч уг хиймэл байгууламжийн өмнө эдгээр тэмдгийг байрлуулж хэрэглэнэ.
Зорчих хэсгийн тухайн нарийсалт нь хөдөлгөөний чигийн дагуух аль талаас эхэлж байгааг харгалзан 1.15.а, 1.15.б, 1.15.в тэмдгүүдээс аль тохирохыг нь байрлуулна. Зорчих хэсгийн өргөн хоёр талаасаа нарийсаж байвал 1.15.а тэмдгийг, баруун гар талаас нарийсаж байвал 1.15.б тэмдгийг, зүүн гар талаас нарийсаж байвал 1.15.в тэмдгийг тус тус хэрэглэнэ.
Хурд авахад зориулагдсан нэмэлт эгнээний төгсгөл нь тухайн замын зорчих хэсгийн нарийсалтад тооцогдохгүй тул 1.15.б тэмдгийг ийм эгнээний төгсгөлд байрлуулахгүй.