АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

1.16

Эсрэг хөдөлгөөн

 

Нэг чигийн хөдөлгөөнтэй замын хэсгээс эсрэг хөдөлгөөнтэй замын хэсэгт шилжиж байгааг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор 1.16 тэмдгийг хэрэглэнэ.

Энэ тэмдгийг хэрэглэх нөхцөл нь нэг чигийн хөдөлгөөнтэй замын төгсгөл, өөрөөр хэлбэл 5.8 “Нэг чигийн хөдөлгөөний төгсгөл” тэмдэг байрласан замын хэсэг байж болохоос гадна тухайлбал, эсрэг хөдөлгөөнийг заагласан тусгаарлах зурвастай зам нь тусгаарлах зурвасгүй замд шилжсэнээр тухайн нэг чигийн хөдөлгөөнтэй байсан зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй болох, эсвэл зам засварын ажил буюу бусад зайлшгүй шалтгааны улмаас тусгаарлах зурвасын нэг талын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нөгөө рүү нь шилжүүлэх байдлаар хөдөлгөөний зохион байгуулалтад түр зуурын өөрчлөлт хийж тухайн зорчих хэсгийг эсрэг хөдөлгөөнтэй болгосон зэрэг нөхцөлүүд байж болно. Өөрөөр хэлбэл 1.16 тэмдгийг хэрэглэх нөхцөл нь замын тухайн хэсэгт 5.8 “Нэг чигийн хөдөлгөөний төгсгөл” тэмдэг байрласан эсэхээс үл хамаарна. Гэхдээ нэг чигийн хөдөлгөөнтэй зам буюу зорчих хэсэгт хөндлөн нийлсэн эсрэг хөдөлгөөнтэй зорчих хэсгийн эхлэлийг анхааруулах байдлаар 1.16 тэмдгийг хэрэглэхгүй. Өөрөөр хэлбэл нэг чигийн хөдөлгөөнтэй замын дундаас баруун буюу зүүн гар тийш эргэж эсрэг хөдөлгөөнтэй зорчих хэсэг рүү орохыг энэ тэмдгээр анхааруулахгүй. Үүний нэгэн адил 5.7 тэмдгээр тэмдэглэгдсэн нэг чигийн хөдөлгөөнтэй зам нь хэрэв Т-хэлбэрийн уулзвар буюу тойрох хөдөлгөөнтэй уулзвар, талбайгаар төгсөж байвал 1.16 тэмдгийг мөн хэрэглэхгүй. Эндээс үзэхэд 1.16 тэмдгийг хэрэглэх үндсэн нөхцөл нь тухайн нэг чигийн хөдөлгөөнтэй зам буюу зорчих хэсэг уг хөдөлгөөний урсгалынхаа дагуу чигт эсрэг хөдөлгөөнтэй зорчих хэсэгт шилжих явдал юм.

Тухайн нэг чигийн хөдөлгөөнтэй замын хэсэг нь 100 м-ээс бага зайд үргэлжилж байвал 1.16 тэмдгийг байрлуулахгүй байж болно.

Жолооч 1.16 тэмдгээр анхааруулсан нэг чигийн хөдөлгөөний төгсгөлөөс цааш чигээрээ явахдаа эсрэг урсгалыг сөрөхөөс болгоомжилж зорчих хэсгийн баруун гар талд аль болох ойр байрлах, ялангуяа өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах, түүнтэй мөргөлдөхөөс сэргийлэх үүднээс эсрэг хөдөлгөөний хажуугийн зайг хангалттай байлгах хэмжээнд эгнээ байраа урьдчилан зөв эзэлсэн байх шаардлагатай юм.

Түүнээс гадна 1.16 тэмдгийн байрласан цэгээс цааш дор хаяж 50 м (суурин газрын доторхи замд) буюу 150 м (суурин газрын гаднах замд) зайд тухайн нэг чигийн хөдөлгөөнтэй зорчих хэсэг үргэлжилсэн хэвээр байх тул уг замын хэсэг дээр жолооч нэг чигийн хөдөлгөөний журмыг зөрчих, тухайлбал буцаж эргэх үйлдэл хийх хориотойг анхаарах шаардлагатай.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»