АНХААРУУЛАХ ТЭМДЭГ
1.18
Хүүхэд
Зорчих хэсэг рүү хүүхдүүд гэнэт орж ирж болзошгүй замын хэсгийг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор 1.18 тэмдгийг хэрэглэнэ. Ингэхдээ уг тэмдгийг замын зэргэлдээх сургууль, цэцэрлэг, асрамжийн газар, зуслан, соёл амралтын хүрээлэн, тоглоомын төв гэх мэт хүүхдийн байгууллагын орчноос тухайн зам руу харсан явган хаалга, гарах газартай замын хэсгийн өмнө байрлуулна. Энэ тэмдгийг байрлуулах нөхцөл нь тухайн замын хэсэг дээр явган хүний гарц бий эсэхээс үл хамаарна.
1.18 тэмдгийг давтан тавьж хэрэглэнэ. Давтан тавигдах тэмдгийг 6.2.а “Үйлчлэх хүрээ” нэмэлт тэмдгийн хамт аюултай хэсгийн эхлэлийн шууд өмнө байрлуулах бөгөөд уг нэмэлт тэмдгээр тухайн хүүхдийн байгууллагын орчны дэргэдүүр явж өнгөрсөн замын хэсгийн үргэлжлэх зайг заана. |
6.2.а |
Энэ тэмдгийг зорчих хэсгийн зүүн гар талд байрлуулах тохиолдолд доторхи дүрсийг нь толин хэмээр эргүүлж дүрсэлнэ. Өөрөөр хэлбэл тэмдэг дэх хүүхдийн дүрс нь зорчих хэсэг рүү чиглэсэн байна. |
1.18 тэмдгийн үйлчлэлд жолооч хурдаа хасаж анхаарал, сонор сэрэмжээ өндөрсгөн, зорчих хэсэг рүү орж ирсэн хүүхдүүдийг сандаргаж тэвдүүлэхгүйгээр урьдчилан өнгөрүүлэх боломж бүхий хурдыг сонгож явах шаардлагатай бөгөөд зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсооход бэлэн байдалтай явбал зохино. Түүнчлэн балчир хүүхдүүд үүрэг хариуцлага ухамсарлах чадваргүй, ялангуяа аюултай байдал үүсэх нөхцөл, шалтгааныг урьдчилан харж, түүнээс сэргийлэх төгс ойлголт, зөв дадал суугаагүй байдгийг онцгой анхаарч, тэдэнд сонор сэрэмж, болгоомжлол илүү тавих шаардлагатай юм. 1.18 тэмдгээс тавигдаж буй энэхүү шаардлагыг ялангуяа 6.2.а нэмэлт тэмдгийн заасан зайн хүрээн дотор жолооч чанд мөрдвөл зохих бөгөөд энэ нь замын тухайн хэсэг дээр явган хүний гарц байгаа эсэхээс үл хамаарна.