АНХААРУУЛАХ ТЭМДЭГ
1.20
Засварын ажил
Энэ тэмдгийг замын зорчих хэсэг, хөвөө, тусгаарлах зурвас дээр ямар нэгэн ажил хийгдэж буй хэсгийн өмнө байрлуулна. Түүнчлэн явган хүний зам дээр хийгдэж буй ажил нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохгүй ч явган зорчигчдыг зорчих хэсэг рүү зайлшгүй орох, түүгээр явахад хүргэж байгаа бол 1.20 тэмдгийг мөн тухайн хэсгийн өмнө байрлуулна.
1.20 тэмдгийг давтан тавьж хэрэглэнэ. Давтан тавигдах тэмдгийг ажил хийгдэж буй хэсгийн шууд өмнө байрлуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд 6.2.а “Үйлчлэх хүрээ” нэмэлт тэмдгээр уг хэсгийн үргэлжлэх зайг заана. Ажил хийгдэж буй хэсгийн эхлэлийг хөдөлгөөний дагуух эхний чиглүүлэгч буюу хязгаарлагч хэрэгсэл (хайс, хаалт, орохыг хориглосон буюу саадыг тойрон гарах чиг заасан тэмдэг гэх мэт зүйл)-ээр тооцно.
Замын доорхи инженерийн шугам сүлжээний худгуудад урьдчилан сэргийлэх үзлэг явуулах буюу эсвэл зорчих хэсгийг цэвэрлэх зэрэг түр хугацааны ажил хийх тохиолдолд зөөврийн суурьтай нэг ширхэг 1.20 тэмдгийг замын тухайн хэсгээс 10-15 м-ийн өмнө байрлуулж болно. |
|
Хэрэв замын ажил хийгдэж буй хэсгийн өмнө 1.20 тэмдгийг өөр бусад тэмдгүүдтэй цуг хэрэглэх бол (суурин газрын гаднах замд 5.27.б тэмдгийг хамт хэрэглэхээс бусад тохиолдолд) хөдөлгөөний чигийн дагуу хамгийн эхэнд нь 1.20 тэмдгийг байрлуулна.
1.20 тэмдгийн үйлчлэлд жолооч аль болох хурд багатай явах шаардлагатай бөгөөд замын тухайн зорчих хэсэг, хөвөөн дээр барилгын материал, зам засварын машин механизм, тоног төхөөрөмж зэрэг зүйлс тавьж орхигдсон байж болзошгүй тул ялангуяа харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тэдгээрийг мөргөхөөс сэрэмжилж онцгой анхаарал болгоомжтой явбал зохино.