ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулав)

 

2. Тээврийн хэрэгсэл гэж юу вэ?

Тээврийг янз бүрийн аргаар хийдэг. Жишээлбэл зарим хүмүүс ачааг гартаа бариад зөөж байхад зарим нь нуруун дээрээ үүрээд, эсвэл сугандаа хавчуулаад зөөж байдаг шүү дээ. Мөн дааж дийлэхээргүй том ачааг тэрэг, чаргаар зөөх нь ч бий. Ингэж тээвэрлэхийг «Явганаар тээвэрлэх» гэдэг. Ачааг явганаар тээвэрлэх нь удаан бөгөөд их хүч хөдөлмөр, чадал тэнхээ шаарддаг болхи, залхуутай ажил шүү. Тэгвэл өөр ямар арга байна вэ?

Ачааг хялбар, түргэн шуурхай тээвэрлэхийн тулд хүн төрөлхтөн эрт дээр үеэс янз бүрийн аргуудыг бодож олон, тэр аргуудаа хэрэгжүүлэх олон төрлийн хэрэгсэл зохион бүтээж ашигласаар иржээ. Жишээлбэл эхэн үедээ хүмүүс амьтны хүчийг ашиглан тээвэр хийж байв. Морь, үхэр, тэмээ, илжиг, тэр бүү хэл нохой, буга, заан гэх мэт янз бүрийн амьтныг сургаж номхруулан, нуруун дээр нь ачаагаа бэхлэн тээвэрлэж байжээ. Энэ нь хүний хөдөлмөрийг ихэд хөнгөвчилж байв.

Яваандаа энэ аргаа улам боловсронгуй болгож, уг амьтныхаа биенд дугуйтай тэрэг юмуу чарга хөллөж их хэмжээний ачааг төвөггүй зөөдөг болов.

 

 

 

 

 

 

Ингэж анх “морин тэрэг”, “үхэр тэрэг”, “тэмээн хөсөг”, “нохой чарга” гэх мэт тээвэр хийхэд зориулагдсан хэрэгслүүд бий болсон бөгөөд ийм хэрэгслүүдийг өнөө үед «Ердийн хөсөг» гэж нэрлэдэг юм. Ердийн хөсөг нь эрт цагт хүмүүсийн тээвэр хийхдээ ашигладаг гол хэрэгсэл нь байсан бол яваандаа хүн төрөлхтөн бүр илүү үр ашигтай өөр хэрэгслүүдийг зохион бүтээж ашиглах болжээ.

 

§ Тээвэр хийх зорилгоор ашигладаг хэрэгслийг “Тээврийн хэрэгсэл” гэнэ.

 

Хүүхдүүд ээ, та нар ердийн хөсгөөс өөр ямар ямар тээврийн хэрэгслийг мэдэх вэ? Та нарын мэдэх хамгийн энгийн тээврийн хэрэгсэл бол мэдээж “Унадаг дугуй”. Тэгвэл өөр бас олон тээврийн хэрэгсэл байдгийг та нар мэдэж байх нь чухал шүү. Энэ тухай ярилцъя.

Орчин үед хүн төрөлхтөн автомашин, галт тэрэг, нисэх онгоц, усан онгоц, пуужин гэх мэт олон янзын хэрэгслийг зохион бүтээж, зорчигч тээвэр, ачаа тээврийнхээ аль алинд өргөнөөр ашиглаж байна. Зарим тээврийн хэрэгсэл нь ачаа, зорчигчдыг газраар тээвэрлэж байхад, зарим нь төмөр замаар, зарим нь тэнгэрээр, зарим нь бүр далай, тэнгисээр тээвэрлэдэг юм. Газраар тээвэрлэж байгааг «Замын тээвэр», төмөр замаар тээвэрлэж байгааг «Төмөр замын тээвэр», тэнгэрээр тээвэрлэж байгааг «Агаарын тээвэр», далай, тэнгисээр тээвэрлэж байгааг «Усан замын тээвэр» гэж ялгаж нэрлэдэг юм.

 

 

 

 

 

Хүүхдүүд ээ! Ердийн хөсөг, унадаг дугуй, автомашин, галт тэрэг, нисэх онгоц, усан онгоц, пуужингийн аль нь «Замын тээврийн хэрэгсэл», аль нь «Төмөр замын тээврийн хэрэгсэл», аль нь «Агаарын тээврийн хэрэгсэл», аль нь «Усан замын тээврийн хэрэгсэл» вэ?

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»