ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулав)

 

3. Зам гэж юу вэ?

Тээврийн хэрэгсэл нь ачаа, зорчигчдыг шилжүүлэн зөөхдөө ямар нэгэн өөртөө тохирсон замаар явдаг болохыг та нар мэдлээ. Жишээ нь: Автомашин бол газар дээгүүрх замаар зорчдог, галт тэрэг бол төмөр замаар, онгоц бол агаарын замаар, усан онгоц бол усан замаар явдаг байна.

Тэгвэл бид энэ хичээлээрээ зөвхөн газраар явдаг тээврийн хэрэгслүүд, тэдгээрт зориулсан зам, уг зам дээрх хөдөлгөөний тухай үзэх болно. Тиймээс бид үүнээс хойшхи хичээлүүдэд «Тээврийн хэрэгсэл» гэдэгт зөвхөн газраар явдаг тээврийн хэрэгслийг хамаатуулах болно. Хүүхдүүд ээ, тээврийн хэрэгсэл гэдэгт юу юу хамаарахыг тоочиж нэрлэцгээрэй.

 

 

§ Тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг «Зам» гэнэ.

 

Замаар автомашин, мотоцикл, трактор, унадаг дугуй, мопед, ердийн хөсөг гэх мэт олон төрлийн тээврийн хэрэгсэл зорчиж, хүн ба ачааг нэг газраас нөгөө газар руу шилжүүлэн зөөдөг. Гэхдээ замаар зөвхөн тээврийн хэрэгслүүд л зорчдог гэвэл арай өрөөсгөл ойлголт болно. Учир нь тээврийн хэрэгслүүдээс гадна явган хүмүүс ч мөн замаар зорчдог юм. Тээврийн хэрэгсэл, явган хүмүүсийн аль аль нь замаар явдаг гэхлээр та нар гайхаж байна уу? Ихэнх хүүхдүүд «Зам» гэдгийг “Автомашины зам” гэсэн утгаар ойлгодог. Тэгвэл бид энэ хичээлээрээ «Зам» гэдгийг үүнээс арай өөр утгаар, өөрөөр хэлбэл нэлээд өргөн утгаар авч үзэх болно.

 

 

§ Зам нь «Зорчих хэсэг», «Хөвөө», «Таримал зүлэг», «Явган хүний зам», «Тусгаарлах зурвас» гэх мэт олон хэсгүүдээс бүрдэнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»