ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулав)
4. Зорчих хэсэг гэж юу вэ?
Тээврийн хэрэгсэл явахад зориулсан хэсгийг нь «Зорчих хэсэг», хүмүүс явган явахад зориулсан хэсгийг нь «Явган хүний зам» гэдэг. Өөрөөр хэлбэл автомашин явдаг зам буюу хүүхдүүд та нарын “Машины зам” гэж нэрлэдэг, дээгүүр нь явахаас болгоомжилдог тэр зүйл бол замын зөвхөн нэг хэсэг бөгөөд үүнийг «Зорчих хэсэг» гэж нэрлэдэг юм.
Хүүхдүүд ээ! Зорчих хэсгээр хөндлөн гарахдаа байнга болгоомжилж байгаарай. Учир нь түүгээр автомашинууд зорчдог юм шүү!
Зорчих хэсгийн хоёр талд байдаг, явган явахад зориулсан хэсгийг «Явган хүний зам» гэдэг бөгөөд энэ нь мөн л замын нэг хэсэг юм.
Хүүхдүүд ээ! Замаар явахдаа зорчих хэсгээр биш, зөвхөн явган хүний замаар явж байгаарай. Яагаад гэвэл явган хүний замаар тээврийн хэрэгслүүд явдаггүй учир аюулгүй юм.
Замын дагуу, хоёр зорчих хэсгийн дундуур байрласан, мод, зүлэг ургадаг, хайс, хашлагатай зурвас газрыг та нар зөндөө л харсан байх. Үүнийг «Тусгаарлах зурвас» гэдэг бөгөөд мөн л замын хэсэгт тооцдог. Тусгаарлах зурвас нь зорчих хэсгүүдийг хооронд нь тусгаарлах зориулалттай бөгөөд дээгүүр нь тээврийн хэрэгслүүд явдаггүй юм. Зам болгон тусгаарлах зурвастай байдаггүй. Зарим зам тусгаарлах зурвасгүй байдгийг та нар лав мэдэх байх.
Түүнчлэн зарим зорчих хэсэг, явган хүний замын завсар хоорондуур мөн мод, зүлэг ургасан, хайс, хашлагаар хүрээлэгдсэн шороон хэсэг байдгийг та нар мэднэ шүү дээ. Үүнийг тусгаарлах зурвас гэдэггүй харин «Таримал зүлэг» гэж нэрлэдэг юм.