ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулав)

 

5. Замын хөдөлгөөнд оролцогчид гэж хэн бэ?

Хүмүүс аль нэг газраас нөгөө газар руу зорчихдоо явганаар юмуу аль эсвэл ямар нэгэн тээврийн хэрэгслээр явдаг. Явганаар зорчиж яваа хүмүүсийг явган зорчигчид гэдэг бол харин тээврийн хэрэгслээр яваа хүмүүсийг жолооч буюу зорчигч гэж хоёр янзаар нэрлэнэ. Тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг нь “Жолооч”, харин хажууд нь юмуу ард нь сууж яваа, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл дотор байгаа жолоочоос бусад хүмүүсийг “Тээврийн хэрэгслээр зорчигч” гэнэ.

 

§ Замаар яваа хүмүүсийг «Явган зорчигч», «Жолооч», «Тээврийн хэрэгслээр зорчигч» гэж гурван хэсэгт ангилж болох бөгөөд эдгээрийг ерөнхийд нь «Замын хөдөлгөөнд оролцогчид» гэж нэрлэнэ.

 

Автомашин, мотоцикл гэх мэт механикжсан (хөдөлгүүртэй) тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүнийг жолооч гэхээс гадна мөн ердийн хөсөг, унадаг дугуй унаж яваа хүмүүсийг ч Замын хөдөлгөөний дүрмээр “Жолооч”-д тооцдог юм. Учир нь ердийн хөсөг, унадаг дугуй нь мөн л тээврийн хэрэгсэлд тооцогддог шүү дээ. Үүний нэгэн адил явган зорчигчид ч олон янз байна. Жагсаалаар яваа, тахир дутуу хүний тэргэнцэр дээр яваа, мөн тэрэг түрж, чарга чирч, мотоцикл, мопед, унадаг дугуйг хөтөлж (түрж) яваа хүмүүс бүгд явган зорчигчид хамаарна. Харин зам дээр өөрийн ажил үүргээ гүйцэтгэж яваа цагдаа, зохицуулагч, зам цэвэрлэгч, зам засварын ажилчид зэрэг хүмүүсийг явган зорчигчид тооцдоггүй юм.

 

Доорхи зургаас замын хөдөлгөөнд оролцогчдыг ялгаж нэрлээрэй.

 

 

Хүүхдүүд та нар гэртээ юмуу ангидаа байхдаа замын хөдөлгөөнд оролцогч биш байдаг бол харин гудамжинд гараад замаар яваа үедээ замын хөдөлгөөнд оролцогчид болж хувирна. Нэгэнт замын хөдөлгөөнд оролцогч болсон бол Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлах үүрэг хүлээдгийг бяцхан дүү нар минь бүү мартаарай.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»