ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулав)

 

6. Замын хөдөлгөөн зохицуулах хэрэгслүүд

Замын хөдөлгөөнд оролцогчид нь Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан хөдөлгөөний журмуудыг мөрдөх ёстойгоос гадна зам, уулзвар, гарцуудын орчин тойронд тавигдсан тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хаалт, хашилт зэрэг хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслүүдийн заалт, шаардлагуудыг чанд биелүүлэх үүрэгтэй юм. Учир нь хэрэв жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд эмх журамгүй, замбараагүй, дур дураараа авирлан, нэг нэгнийхээ урдуур дайран, хаа дуртай газраараа сэлгүүцэн оролцвол хэн хэндээ саад болоод зогсохгүй, өөр хоорондоо мөргөлдөж, нэгийгээ дайрах зэргээр гэмтэж бэртэх, тэр бүү хэл амь насаа ч алдах аюултай байдал бий болох нь ойлгомжтой. Ийм аюул, осолтой байдал бий болгохгүйн тулд замын хөдөлгөөнийг олон янзын өнгө, дүрс, хэлбэр, зориулалт бүхий хэрэгслүүдээр зохион байгуулж, хөдөлгөөнд оролцогчдын явах дараалал, зогсох газар, эргэх чиг, хөдөлгөөний хориглолт, хязгаарлалтуудыг журамлан тогтоодог юм.

Хүүхдүүд ээ, доорхи зургаас замын хөдөлгөөн зохицуулах, зохион байгуулах хэрэгслүүдийг ялгаж нэрлээрэй.

 

 

Уулзвар, гарцаар нэвтрэх дарааллыг гэрлэн дохиогоор зохицуулахаас гадна замын зохицуулагч нар өөрийн биеийн байрлал болон шүгэл, дохиурын заалтаар зохицуулж байхыг хүүхдүүд та нар гудамж замаар явж байхдаа олонтоо харсан байх. Гэрлэн дохио, зохицуулагчаас гадна анхааруулах, хориглох, заах, мэдээлэх зэрэг олон төрлийн замын тэмдэг, мөн цагаан шугам, зураас бүхий хэвтээ болон босоо тэмдэглэл, хайс, хашилт, хаалт, чиглүүлэх шон зэрэг төрөл бүрийн хэрэгслүүдийн тусламжтайгаар замын хөдөлгөөнийг зохион байгуулдаг юм.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»