ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулав)
7. Замын тэмдэг ба тэмдэглэл
Замын хөдөлгөөнийг зохион байгуулах үндсэн гол хэрэгсэл нь замын тэмдэг, тэмдэглэл юм. Замын тэмдэг, тэмдэглэлийн тусламжтайгаар хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй, шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлдэг.
Замын тэмдэг
Замын тэмдгийг гол төлөв зорчих хэсэг болон явган хүний замын хажууд шон дээр байрлуулна. Зарим тэмдгийг зорчих хэсгийн дээр хоёр шонгийн хооронд татсан утаснаас дүүжлэн тогтоосон байдгийг хүүхдүүд та нар лав анзаарсан байх. Ихэнх тэмдэг жолооч нарт зориулагдсан байдаг тул тээврийн хэрэгслүүдийн ирэх зүгт хандан байрласан байна.
Замын тэмдгүүдийг дараахь зургаан бүлэгт хуваана:
1 - Анхааруулах тэмдэг. Энэ бүлгийн тэмдгүүд нь ихэвчлэн гурвалжин хэлбэртэй, улаан хүрээтэй байх бөгөөд дотор нь тухайн анхааруулж байгаа зүйлийн утгыг тод хар өнгийн дүрсээр зурж үзүүлсэн байна.
Анхааруулах тэмдгүүд нь тээврийн хэрэгслийн жолооч нарт замын тухайн аюултай хэсэг рүү ойртож байгааг урьдчилан анхааруулах үүрэгтэй.
Хүүхдүүд ээ, доорхи анхааруулах тэмдгүүдийн дүрс, утгыг ойлгож тогтоож аваарай.
Гэрэл дохионы зохицуулга |
Явган хүний гарц |
Хүүхэд |
Унадаг дугуйн зам нийлнэ |
Засварын ажил |
2 - Хориглох тэмдэг. Энэ бүлгийн тэмдгүүд нь дугуй хэлбэртэй, улаан хүрээтэй байх бөгөөд дотор нь тухайн хориглож байгаа зүйлийн утгыг тод хар өнгийн дүрсээр зурж үзүүлсэн байна.
Хүүхдүүд ээ, доорхи хориглох тэмдгүүдийн дүрс, утгыг сайтар ойлгож тогтоож аваарай.
Орох хориотой |
Унадаг дугуйн хөдөлгөөн хориотой |
Явган зорчигчийн хөдөлгөөн хориотой |
Түр зогсох хориотой |
3 - Дарааллын тэмдэг. Энэ бүлгийн тэмдгүүд нь тээврийн хэрэгслүүдийн нэвтрэх дарааллыг тогтооно.
4 - Заах тэмдэг. Энэ бүлгийн тэмдгүүд нь цэнхэр дэвсгэр бүхий дугуй хэлбэртэй байх бөгөөд дотор нь тухайн зөвшөөрч байгаа зүйлийн утгыг цагаан өнгийн дүрсээр зурж үзүүлсэн байна.
Хүүхдүүд ээ, доорхи заах тэмдгүүдийн дүрс, утгыг сайтар ойлгож тогтоож аваарай.
Суудлын автомашин явна |
Унадаг дугуйн зам |
Явган хүний зам |
5 - Мэдээлэх тэмдэг. Энэ бүлгийн тэмдгүүд нь голдуу цэнхэр дэвсгэр бүхий дөрвөлжин хэлбэртэй байх бөгөөд дотор нь тухайн мэдээлж байгаа зүйлийн утгыг бичиж буюу дүрсэлж үзүүлсэн байна.
Хүүхдүүд ээ, доорхи мэдээлэх тэмдгүүдийн дүрс, утгыг сайтар ойлгож тогтоож аваарай.
Явган хүний гарц |
Явган хүний доогуур гарам |
Явган хүний дээгүүр гарам |
Хороолол |
Хорооллын төгсгөл |
Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал |
Таксийн зогсоол |
6 - Нэмэлт тэмдэг. Энэ бүлгийн тэмдгүүд нь хар өнгийн нарийн эмжээртэй цагаан дэвсгэр бүхий дөрвөлжин хэлбэртэй байх бөгөөд ямар нэгэн тэмдэгтэй хамт тавигдаж уг тэмдгийнхээ утгыг тодруулах үүрэгтэйгээр хэрэглэгдэнэ.
Замын тэмдэглэл
Замын зорчих хэсэг дээр цагаан өнгийн будгаар шугам, зураас, сум, бичлэг зурсан байдгийг замын хэвтээ тэмдэглэл гэнэ. Хэвтээ тэмдэглэл нь олон төрлийн хэлбэр, хэмжээтэй байх бөгөөд тус бүрдээ өөр өөр утгыг агуулна. Тухайлбал зорчих хэсгийн голоор татсан үргэлжилсэн шугамыг тээврийн хэрэгслээр давж гарахыг хориглодог бол харин тасархай шугамыг давж болно.
- Эрээн тахины судал шиг ийм тэмдэглэл нь явган зорчигчийн зам хөндлөн гарах газрыг заана. Хүүхдүүд та нарын замын хөндлөн гарах хэсэгт ийм тэмдэглэл харагдаж байвал үүнийг явган хүний гарц гэж ойлгох ёстой бөгөөд зөвхөн энэ тэмдэглэлийн дээгүүр явж зам хөндлөн гараарай. |
|
|
|
- Хоёр талаараа урт зураасууд бүхий тасархай шугамтай энэ тэмдэглэл нь мөн явган зорчигчийн зам хөндлөн гарах газрыг заана. Гэхдээ ийм тэмдэглэлтэй явган хүний гарц нь гэрлэн дохионы зохицуулгатай байдаг тул хүүхдүүд та нар ийм гарцаар зам хөндлөн гарахдаа гэрлэн дохионы заалтыг ажиглаж, зөвхөн ногоон гэрэл ассан үед л гараарай. |
|
|
|
- Ийм тэмдэглэлийг аюулгүйн зурвас гэх бөгөөд гэрэл дохионы зохицуулгатай зарим явган хүний гарцын дунд хэсэгт зурж тэмдэглэсэн байна. Хүүхдүүд ээ, хэрэв ногоон гэрлээр зам хөндлөн гарч амжаагүй явж байтал гэрэл дохио солигдож улаан гэрэл асвал энэ аюулгүйн зурвас тэмдэглэл дээр зогсож дараагийн ногоон гэрэл асахыг хүлээгээрэй. |
|
|
|
- Тэг дөрвөлжин шоонуудаас бүрдсэн хоёр цувраа бүхий энэ тэмдэглэлээр унадаг дугуйн зам зорчих хэсэгтэй огтлолцсон хэсгийг тэмдэглэдэг юм. Хүүхдүүд та нар унадаг дугуйн замаар дугуй унан явж байтал ийм тэмдэглэл тааралдвал автомашины замтай огтлолцож гарна гэж ойлгох нь зүйтэй бөгөөд зорчих хэсгийг огтлон гарахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс болгоомжлоорой. |
|
|
|
- Хөрөөний шүд шиг хэлбэртэй шар өнгийн ийм тэмдэглэл нь автобусны буудал юмуу таксийн зогсоолыг заана. Ийм тэмдэглэлийн дэргэд автобусны буудлын тэмдэг байвал хүүхдүүд та нар тэр газраас автобусанд сууж болно. |