ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулав)
9. Зам хөндлөн гарахад зориулсан элементүүд
Замын хөдөлгөөнд оролцож байгаа явган зорчигчдын хамгийн яршигтай бөгөөд аюултай үйлдэл бол зам хөндлөн гарах явдал юм. Осолд өртсөн явган зорчигчдын дийлэнх нь зам хөндлөн гарах үедээ сонор сэрэмжээ алдсанаас автомашинд мөргүүлсэн буюу дайруулсан байдаг. Ялангуяа бага насны хүүхдүүд зам хөндлөн гарч яваад осолд өртсөн тохиолдлууд сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэх хандлагатай боллоо. Иймээс хүүхдүүд та нар зам хөндлөн гарахдаа онцгой анхаарал болгоомжтой байх шаардлагатай бөгөөд болж өгвөл насанд хүрсэн хүнээс халамж, туслалцаа авахыг эрэлхийлж байх нь зүйтэй.
Явган зорчигч, тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн ихтэй гудамж замуудад хүмүүсийг аюулгүйгээр зам хөндлөн гарахад зориулан явган хүний гарц буюу гарам байгуулсан байдаг юм. Эдгээрийг зам хөндлөн гарахад зориулсан элементүүд гэнэ.
Явган хүний гарц нь замын тусгай тэмдэг, тэмдэглэлээр тэмдэглэгдсэн байдгийг бид өмнөх хичээлүүдээс мэдсэн билээ.
Зохицуулдаг гарц |
Зохицуулдаггүй гарц |
Явган хүний гарц руу ойртон ирсэн жолооч тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж, гарцаар гарч яваа хүмүүст зам тавьж өгөх үүрэгтэй байдаг учир хүүхдүүд та нар зам хөндлөн гарахдаа ямагт гарцыг ашиглаж байх нь зүйтэй. Гэхдээ явган хүний гарцаар зам хөндлөн гарахад явган зорчигчдын хөдөлгөөний чиг тухайн зорчих хэсгээр яваа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнтэй нэг түвшинд огтлолцдог учир явган хүний гарц нь аюулгүй байдлын хувьд тийм ч найдвартай элемент биш билээ. Иймээс хүүхдүүд та нар явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа сонор сэрэмжээ бууруулан хайнга хандаж огт болохгүй бөгөөд ялангуяа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэх, мөн жолооч нар хурдаа хасан та нарт зам тавьж өгөхөөр зогссон эсэхийг сайтар ажиглан мэдсэнийхээ дараа зорчих хэсэг рүү ороорой. Гарцаар гарч яваа хүмүүст зам тавьж өгөх үүргээ биелүүлдэггүй, хэнэггүй жолооч нар цөөнгүй байдгийг байнга санаж зам хөндлөн гарахдаа анхаарал, сэрэмжтэй байхыг дахин дахин сануулъя.
Зам хөндлөн гарахад хамгийн аюулгүй элемент бол явган хүний гарам юм. Учир нь явган хүний гарам нь зорчих хэсгийн дээгүүр буюу доогуур зам хөндлөн гарахад зориулсан элемент бөгөөд өөрөөр хэлбэл явган зорчигчийн хөдөлгөөний чиг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй огтлолцохгүй юм. Иймээс хүүхдүүд та нар зам хөндлөн гарахдаа хэрэв явган хүний гарам байвал эргэлзэх зүйлгүйгээр түүнийг сонгоорой.
Нүхэн гарам |
Гүүрэн гарам |