ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулав)
10. Зохицуулдаг гарцаар зам хөндлөн гарах журам
Гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор нэвтрэх дараалал нь тогтоогдож байгаа гарцыг явган хүний зохицуулдаг гарц гэнэ. Харин гэрлэн дохио байсан ч тэр нь цахилгааны саатлаас буюу эвдрэлээс шалтгаалан ажиллаагүй, эсвэл анивчсан шар гэрлийн горимд ажиллаж байгаа, мөн зохицуулагч байсан ч хөдөлгөөнд зохицуулга хийгээгүй байвал уг гарцыг зохицуулдаг гарцад тооцохгүй.
Хүүхдүүд ээ, гэрэл дохионы зохицуулгатай гарцаар зам хөндлөн гарахдаа уг дохионы өнгийг анхааралтай ажиглаж, түүнийг утгыг чанд мөрдөх ёстой. Үүнд:
- улаан гэрэл дохио гарц руу орохыг хориглоно;
- шар гэрэл дохио гарц руу орохыг мөн хориглох бөгөөд гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулна;
- ногоон гэрэл дохио гарц руу орохыг зөвшөөрнө.
Явган зорчигчид зориулсан гэрлэн дохионууд ихэвчлэн улаан, ногоон өнгийн хоёр л гэрэлтэй байдаг. Иймээс ногоон гэрэл дохиогоор явган хүний гарц руу ороод зам хөндлөн гарч амжаагүй явж байтал улаан гэрэл дохио асчихвал аюулгүйн зурвас дээр зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээх ба хэрэв аюулгүйн зурвасыг өнгөрсөн юмуу эсвэл тэр нь байхгүй бол зорчих хэсгийг нэвтрэн гарахыг зөвшөөрнө.
Зохицуулагч хөдөлгөөний дараалал тогтоож байгаа тохиолдолд явган хүний гарцыг дараахь журмаар нэвтэрнэ:
- зохицуулагч дохиураа өргөсөн байвал түүний аль ч талаас зорчих хэсэг рүү орохыг хориглоно. Харин зохицуулагчийг дохиураа өргөхөөс өмнө гарц руу нэгэнт орчихсон явган зорчигчид аюулгүйн зурвас дээр зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээх ба хэрэв аюулгүйн зурвасыг өнгөрсөн юмуу эсвэл тэр нь байхгүй бол зорчих хэсгийг нэвтрэн гарахыг зөвшөөрнө;
- зохицуулагч дохиураа цээжиндээ авсан буюу гараа алдалсан байвал түүний зүүн болон баруун гар талаас зам хөндлөн гарах гэж байгаа явган зорчигчид гарц руу орж болох бөгөөд харин зохицуулагчийн ар, өвөр талаас зам хөндлөн гарах гэж буй явган зорчигчийг хориглоно. Энэ тохиолдолд баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар явган зорчигчдод зам тавьж өгөх үүрэгтэй;
- зохицуулагч дохиураа урагш заасан байвал түүний зөвхөн ар талаар зам хөндлөн гарах гэж буй явган зорчигчдын хөдөлгөөнийг зөвшөөрнө. Энэ тохиолдолд баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигчдод зам тавьж өгөх үүрэгтэй.