ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулав)
11. Зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарах журам
Хүүхдүүд ээ, та нар зам хөндлөн гарахынхаа өмнө эхлээд ойр орчим явган хүний гарц, гарам байгаа эсэхийг сайтар ажиглах шаардлагатай бөгөөд хэрэв байвал тэрхүү гарц, гармыг ашиглан зам хөндлөн гарах ёстой шүү. Өөрөөр хэлбэл ойролцоо гарц юмуу гарам байсаар байхад гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг Замын хөдөлгөөний дүрмээр хориглодог гэдгийг анхаараарай.
Хүүхдүүд ээ, доорхи зурагт жаал хүү тоглоомын талбай руу очихын тулд аль сумны дагуу зам хөндлөн гарах нь зөв бэ?
Явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч нь тээврийн хэрэгслийн жолооч нараас давуу эрхтэй байдаг юм. Учир нь энэ тохиолдолд ойртон ирсэн жолооч нар тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж, гарцаар гарч яваа хүмүүст зам тавьж өгөх үүрэг хүлээдэг. Нэг үгээр хэлбэл хүүхдүүд та нар явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарахад хүлээж саатах явдалгүй тайван чөлөөтэй гарах боломжтой гэсэн үг. Харин явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарах тохиолдолд явган зорчигчид ийм давуу эрх олгогдохгүй бөгөөд өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн жолооч түүнд зам тавьж өгөх үүрэг хүлээхгүй учир энэ нь бэрхшээлтэйгээс гадна осолтой үйлдэл болдог юм. Иймээс хүүхэд бүр явган хүний гарц, гармаар зам хөндлөн гарч хэвших нь зүйтэй.