ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ
(Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулав)
12. Явган хүний гарцгүй замын зорчих хэсгээр хөндлөн гарах журам
Замын дагуу хоёр тийшээ харахад (үзэгдэх хүрээнд) явган хүний гарц юмуу гармын аль нь ч байхгүй байвал хэрхэн зам хөндлөн гарах вэ? Тухайлбал, хот суурин газраас гадагш, хөдөө хээрийн замд явган хүний гарам байтугай гарц ч тэр бүр байхгүй бөгөөд ийм тохиолдолд зам хөндлөн гарахыг хориглох боломжгүй нь ойлгомжтой. Энэ талаар Замын хөдөлгөөний дүрэмд юу гэж заасан байдгийг сонирхоцгооё.
§ Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол явган зорчигч нь замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
Өөрөөр хэлбэл ийм тохиолдолд хүүхдүүд та нар эхлээд зам хөндлөн гарахад аюулгүй байх хэсгийг зөв сонгох шаардлагатай юм. Ийм аюулгүй хэсэг нь замын хоёр талаас ойртон ирж байгаа тээврийн хэрэгслүүд хангалттай хол зайнаас сайн харагдаж байхуйц, мөн зам хөндлөн гарахад ямар нэгэн хайс, хашилт, суваг шуудуу, бут сөөг зэрэг саадтай тулгарахгүй байх хэсэг юм. Аюулгүй хэсгийг сонгосныхоо дараа зорчих хэсгийг хамгийн богино зайд туулан гарахын тулд түүнийг эгц хөндлөн гараарай.
Хэрэв тээврийн хэрэгсэл ойртон ирж байвал түүнийг өнгөрүүлснийхээ дараа зам хөндлөн гарна. Учир нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах тохиолдолд явган зорчигчид давуу эрх олгогдохгүй.