ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулав)

 

14. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг

Тээврийн хэрэгслээр зорчигчид нь хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх үүрэгтэй.

Орчин үеийн суудлын автомашины жолооч болон бүх зорчигчдын суудал хамгаалах бүсээр тоноглогдсон байдаг тул хүүхдүүд та нар арын суудалд сууж явахдаа ч хамгаалах бүсийг заавал хэрэглэж заншаарай. Учир нь тодорхой хурдтай яваа автомашин юм мөргөх буюу огцом тоормослох зэргээр гэнэт зогсвол дотор нь явсан хүн инерцийн хүчний үйлчлэлээр урагш шидэгдэж салхины шил юмуу бүхээг доторхи эд ангиудыг мөргөж хүнд бэртэл, гэмтэл авахаас гадна амь насаа ч алдаж болзошгүй бөгөөд амьдрал дээр олонтой тохиолддог энэхүү эмгэнэлт явдлаас сэргийлэх зорилгоор хамгаалах бүсийг хэрэглэдэг юм. Зам тээврийн осолд орох үед дотор нь явсан хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аль болох бага бэртэж гэмтээхэд чиглэсэн олон техник хэрэгслүүдийг орчин үеийн автомашинд тоноглосон байдгийн дотроос хэрэглэхэд хамгийн энгийн мөртлөө үзүүлэх ач тус нь өндрөөр үнэлэгддэг хэрэгсэл бол хамгаалах бүс юм. Иймд Замын хөдөлгөөний дүрмээр жолооч болон зорчигчдод хамгаалах бүсээ заавал хэрэглэж байхыг үүрэг болгожээ.

 

 

Хүүхдүүд ээ, автомашинаас буух буюу түүнд суухдаа уг тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аль болох явган хүний зам тал руу бууж, тэр талаас суугаарай. Өөрөөр хэлбэл явган хүний зам руу харсан хаалгаар бууж, суух нь аюулгүй байдаг бөгөөд харин нөгөө эсрэг талын хаалгаар буюу зорчих хэсэг талаас суух, тэр тал руу буух нь хажуугаар зөрж өнгөрөх бусад тээврийн хэрэгсэлд мөргүүлэх аюултай байдаг юм шүү.

 

 

Тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа цонхоор биеэ болон бусад зүйл гаргах, ачааны автомашинаар зорчигч нь тэвшин дээр зогсож явах буюу тэвшний хашлаганаас дээш гарсан ачаан дээр сууж явахыг тус тус хориглоно.

 

 

««..Өмнөх хуудас